‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, оронд нь Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилсон. Үүний өмнөхөн зарим сайд нар, УИХ-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компани нь нууцаар хэдэн их наядаар хэмжигдэх оффтейк гэрээ байгуулсан, 3,4 их наядын өртэй, 84 нууц гэрээтэй гэхчлэн мэдээллийг өгч байв.
‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хэлэхдээ, Үндэслэлгүй тооцоо байсан. 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар ЭТТ ХК-ийн нэр дээр экспортлогдсон нийт 6.7 сая тонн нүүрс байгааг шууд 2022 оны жишиг үнэ болох 278 ам.доллар (үндэслэлгүй тооцсон үнэ)-оор шууд үржүүлээд 1.8 тэрбум ам.доллар болгоод тавьчихаж байгаа юм.
Гэтэл тэр 6.7 сая тонн нүүрсний 1.9 сая тонн нь л 2022 онд борлуулагдсан бол 3.3 сая тонн нь 2021 онд зарагдсан, 1.5 сая тонн 2020 онд зарагдсан нүүрс буюу тухайн ондоо орлого нь бүртгэгдэж, зарцуулагдаж, 812 сая ам.доллар нь Монголбанканд тушаагдсан байна.
Мөн 2020, 2021 ондоо уг нүүрс нь тухайн үеийнхээ үнээр жишиг үнээр буюу 110 орчим ам.доллароор зарагдаад, татвар, тээвэр, бүх төлбөрөө төлөөд, төслүүдээ хүртэл санхүүжүүлсэн орлогыг давхар бүртгэж, нийлбэрийг нь бичих ёстой байтал зөвхөн 2022 онд 510 сая ам.долларыг бичээд мөнгө дутлаа, аймаар зөрүү гарчихлаа гэж ярих нь утгагүй. Харин ч бүгдийг бичих ёстой бол энэ 510 сая ам.доллар дээр 2020, 2021 оны орлого, мөн манай компанийн нүүрсийг тээвэрлэсэн тээврийн компаниудын 2020, 2021, 2022 оны орлого болох 1 тэрбум орчим ам.долларыг хүртэл нэмээд, нийлбэрийг тавих хэрэгтэй шүү дээ.
Хамгийн гол асуудал нь болон ЭТТ ХК-иас гадна, “Энержи ресурс” ХХК, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Монэнко” ХХК зэрэг нүүрс олборлогч компаниудын ‘Гаалийн мэдүүлгээр-Жишиг үнийг үржүүлсэн тоо’-ноос 51-69 хувь зөрүүтэй байгаа нь нүүрснээс орж ирж байгаа бодит орлого, гарсан нүүрсийг шууд үржүүлж өсгөсөн тооны зөрүүгээс шалтгаалж Монгол Улсын төсвийн тэнцэл хүртэл буруу бодогдсоор ирснийг анхаарах цаг болсон. Бидэнд мэдээллийг нуусан зүйл байхгүй гэдгийг мэдэгдсэн юм.