Төрийн өмчит ‘Эрдэнэс Монгол’ ХХК-д чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан.
Сонгон шалгаруулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Тус бүртгэл 2023 оны нэгдүгээр сарын 2-16-ныг хүртэл e-tanhim.gov.mn сайтаар явагдах бөгөөд өнөөдрийн байдлаар 610 хүн бүртгүүлжээ.
Эл нээлттэй сонгон шалгаруулалт Шинэ сэргэлтийн бодлогын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд хүний нөөц бүрдүүлэх давхар зорилготой. Өөрөөр хэлбэл монгол улсын баялгийг удирддаг хамгийн том компани дээр хамгийн чадварлаг мэргэжилтнүүдийг бүрдүүлэх зорилготой.
Бүртгэлийн систем нь ашиглахад энгийн, хэрэглэгчийг хөтөлж явдаг. Бүртгүүлэгчид шаардлагатай мэдээлэл нь бэлэн байгаа бол 3-5 минут зарцуулна. Бүртгүүлсэн эсэх, өөрөөс нь өөр хэдэн хүн бүртгүүлснийг харах боломжтой аж. Түүнчлэн, нэг хүн өөр түвшний хоёр ажлын байранд бүртгүүлэх боломжтой бөгөөд төрийн албаны шалгалт өгсөн байх шаардлагагүй. Мөн нэгдүгээр сарын 16-ны 18:00 цагаас өмнө бүртгэлийн мэдээллээ шинэчилж, өөрчлөх бүрэн болно. Өнөөдрийн байдлаар ахлах менежерийн ажлын байранд хамгийн олон хүн бүртгүүлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.