‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-аас Монгол, Хятад улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг хэрхэн олгох талаар мэдээлэл хийв.
‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ‘Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолд нүүрсийг хилийн үнээр борлуулах болон C зөвшөөрлийг хэрхэн олгох талаар тусгасан. Энэ хүрээнд 2023 оноос уул уурхайн олборлолт, экспорт хийж буй компаниудад ачаа тээврийн С зөвшөөрөл олгох шийдвэр гарсан байдаг. Үүнийг өмнө нь АТҮТ-өөс олгодог байсан. Харин энэ оноос
- Эхний ээлжид нүүрс тээвэрлэлт гүйцэтгэх ААН-үүдийг гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулна. Тээврийн тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах агентлаг дээр зарласан. Уг тендерт шалгарсан ААН-үүдэд 2023 оны C зөвшөөрлийг шинээр олгоно.
- Өнгөрсөн онд худалдан авагчдын авсан буюу Цагаан хад дээр овоорсон нүүрсийг энэ жил хилээр гаргах ёстой. Тодруулбал, 2.7 сая тонн худалдан авагчийн нүүрс Цагаан хад дээр байгаа. Энэ нүүрсийг хилээр гаргах ёстой учраас үүнтэй холбогдуулан C зөвшөөрлийг олгоно.
Дараагийн асуудал нь ирүүлсэн хүсэлтийн тоо, олговол зохих C зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт ирүүлсэн ААН-үүдэд ижил зарчмаар шударга хуваарилалтыг хийж байгаа” гэлээ.
Монгол Улсад олгогдож байгаа C зөвшөөрлийн 60 хувь нь ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-д ногддог
Тэрбээр “Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд шинээр 7,800 C зөвшөөрөл олгогдох юм байна. Үүнээс 60 хувь нь буюу 4,680 C зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ногдож байгаа юм. Үүнийг Зам, тээврийн хөгжлийн яам болон АТҮТ-өөс олгож буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад олгогдож байгаа C зөвшөөрлийн 60 хувь нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ногддог.
Бид хоёрдугаар сарын 1-нд нүүрсээ биржээр арилжаалж, хилийн нөхцөлөөр нээлттэй зарна. Үүнтэй холбогдуулан тендерт шалгарсан ААН-үүдэд 1,698 C зөвшөөрөл олгох юм. Өөрөөр хэлбэл, нийт 4,680 С зөвшөөрлөөс 1,698 зөвшөөрлийг нь биржээр арилжаалах нүүрсэнд олгох юм. Үлдсэн 2,982 C зөвшөөрлийг худалдан авагчийн авсан буюу одоо Цагаан хад дээр байгаа нүүрсийг хилээр гаргахтай холбогдуулан тээврийн компаниудад олгохоор ажиллаж байна.
Өнөөдрөөс эхлэн C зөвшөөрлийн олголтын мэдээллийг ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн веб сайтад байршуулна. Ингэснээр олон нийт хяналт тавих боломж бүрдэнэ.
‘Эрдэнэс Тавантолгой’ компанид хүсэлт ирүүлсэн 10,296 компанийн мэдээлэл АТҮТ-ийн тээврийн нэгдсэн системд оржээ. Үүнээс 7,904 ААН тээврийн нэгдсэн системд хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс
- Терминал нөхцөлөөр 306
- Өргөтгөсөн 84
- Чингэлэг тээвэр 6,485
- Тэвштэй 1,029 зэргээр хүсэлт илгээжээ. Энэхүү хүсэлтээс 4,680 ААН-д С зөвшөөрөл өгнө гэсэн үг.
Бид 1,698 C зөвшөөрлийг биржээр арилжаална. Үүнийг хилийн нөхцөлөөр өөрсдөө тээвэрлэх юм. Үүнд зориулаад нэгдүгээр сарын 18-нд тээврийн тендерээ нээх бөгөөд шалгарсан ААН-үүдэд С зөвшөөрлийг нь олгоно.
Дараагийн ээлжид худалдан авагчийн авсан нүүрсийг экспортод гарахад зориулж 2,982 С зөвшөөрлийг олгоно” хэмээн хэлэв.