УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус өргөтгөсөн хуралдаан дуусч, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Та бүгдийнхээ амгаланг айлтгая. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралын судалгааны дүгнэлттэй танилцлаа. Сэтгэл сэртхийлгэм, ойлгомжгүй судалгааны дүнг харлаа. Нийт иргэдийн 70 хувь нь ядуу гэдэг судалгаа гарсан байна. Өнөөдрийн хоол ундандаа бидний мөнгө арай ядан хүрч байна гэж иргэд хариулсан байна. Энэ шалтгааныг иргэд хойд хөршийн дайн тулаан, цар тахалтай холбож харахгүй байна. Төр засгийн буруу бодлогоос ард иргэдийн амьдрал ядуурлаа гэж үзсэн байна. Тийм учраас юу хийх шаардлагатай вэ гэдгийг ярилаа.
Таван зүйл дээр төвлөрлөө. Нэгдүгээрт, 70 хувийн ядуурлыг яаж хурдан хугацаанд бууруулах вэ. Ажил хийж байгаа хүмүүс залхсан байна, бизнес хийж байгаа хүмүүс залхсан байна. Дарамт нь хэвийн хэмжээнээсээ давсан байна. Нийт бизнес эрхлэгчдийн 60 хувь нь НӨАТ-ын хуульд сэтгэл дундуур байна, засаач ээ гэж. Татварын ерөнхий хуулийг 60 хувь нь дэмжихгүй, эсрэг байна. ААН-үүд татварын дарамтад орсон байна. Татварын дарамтаас гарахын тулд аж ахуй нэгжүүдээ дэмжих. Коронагийн хоёр жилд жижиг, дунд аж ахуй нэгжүүд хаалгаа барьсан. 10 их наяд төгрөг зарцуулахдаа өрх гэр бүлийг дэмжсэнээс коранагийн хохирлыг барагдуулахад зарцуулагдаагүй байна. Тийм учраас татварын дэмжлэг, хөрөнгө оруулалтын дэмжлэг яаж үзүүлэх вэ гэдэг дээр шийдэл гаргах. НДШ-ийг бууруулахгүйгээр цаашаа явахгүй юм байна. 10 сая төгрөөс дээш орлоготой иргэнд ногдуулдаг татварыг бууруулах шаардлагатай. Тэгж байж, дундаж давхарга бий болгож, дэмжих юм байна.
Маргаашийн Монголд хэн ч итгэхгүй байна. Маргааш ядууралгүй болно гэдэгт хэн ч итгэхгүй байна.
Татвартай холбоотой дүргүйцэл хаанаас гарч байна вэ гэхээр төр нь дарамталж байна. Өдөр, шөнөгүй чаргууцалддаг юм байна. Ядуурал бууртал, төр хувийн хэвшил рүү очдогийг болиулах. Төр аж ахуй нэгжүүдийг аваачиж дарамталдагийг зогсооё. Цагдаа хувийн хэвшил дээр очдогийг, прокурор очдогийг болиулах. Төрийн албан хаагчид гааль, татвар, хуулийнхан очдогийг болиулах.
Хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр Ардчилсан нам ажлын хэсэг гаргана. Ж.Батсуурь гишүүнээр ахлуулна. Татварыг бууруулж, төр бизнесийг дарамталж байгаа дарамтыг арилгахад чиглэл гаргана. Богино хугацаанд ядуурлыг бууруулах, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлнэ.
Хоёрдугаарт, 50 хувь нь маргаашдаа итгэхгүй байна. 10 жил Монголын эдийн засаг хөдлөөгүй. Эдийн засгийн өсөлт нь нэмэгддэггүй, орлого нь сайжирдаггүй, тийм учраас монголчууд маргаашдаа итгэхгүй болсон байна. Маргаашийн эдийн засгийг босгож ирэх хөтөлбөр санаачилна. Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөр санаачилж, 160 мянган айлыг орон сууцжуулсан. Одоо 400 мянган айл орон сууцанд орох хүсэлтэй байна, энэ хөтөлбөрийг боловсруулж, гаргана. Төмөр замаа эрчимжүүлэхийн тулд бодлого гаргана. Эдийн засгийг 2-3 дахин өсгөх бодлого гаргана. Нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэнэ.
Энэ чиглэлээр бүрэлдэхүүн гаргаж ажиллана. Ц.Туваан гишүүн даргалаад намын гишүүд нь оролцсон томоохон бүрэлдэхүүн ажиллана.
Гурав дахь нь, авлигагүй орчин яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр бид бодлого гаргана. Ард иргэд авлигаас болж бид ядуу байна гэж үзсэн. Нэг авлигачийг барьж байхад, нөгөө нэг авилгачид хээл хахууль авч байдаг юм байна. Тийм учраас авлигын аквариумыг хагална. Тендерийн хуулин дотор дараагийн авлигач төрж байдаг юм байна. Хааяа нэг жараахай барьдаг, бусад нь аквариум дотор амьдарч байна. Тендер нэрийн дор бүлэглэж хулгай хийдэг бүлэглэлийг үгүй хийнэ. Н.Ганибал гишүүнээр ахлуулан, ажиллуулна. Тендер зарлаглаа, санал гарлаа, минутын дотор дүгнэдэг хууль гаргана. Тэгэхгүй бол Тендерийн хуулиар халхавчлаад Тавантолгой орд, “Эрдэнэт” үйлдвэр, орон нутаг, яамд дээр хулгай гардаг юм байна. Ирэх гуравдугаар сарын 1-нд багтаагаад хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна.
Дөрөвт, Ардчилсан нам парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Ард түмний 90 хувь нь улс төрийн намд, 50-60 хувь нь Засгийн газар, УИХ-д итгэхгүй байна. Энэ хүрээнд гурван том сэдэв байна. Улс төрийн нам яавал арын хаалга, хуйвалдаанд, албан тушаалын төлөө биш болох вэ. Намын гишүүдийг татваргүй болгох гэх мэтээр тодорхой шийдэл гаргана.
Сонгуулийн хууль. Яавал мөнгөний хамааралтай сонгуулийг үгүй болгох вэ гэдэг дээр тодорхой ажлыг хийнэ, С.Одонтуяа гишүүнээр ахлуулаад ажлын хэсэг ажиллуулна.
Ардчилсан нам энэ асуудал дээр манлайлал үзүүлээд улс төрийн орчныг цэвэрхэн, шилэн болгож байж, монголчууд цаашдаа төрдөө итгэх юм байна. Тодорхой шийдэл гараад явна гэдэгт итгэлтэй байна.
Тавдугаарт, Ардчилсан нам ардчиллыг бэхүүлэхийн төлөө, ардчиллыг зөв болгохын төлөө зүтгэнэ. Бид цаашаагаа эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй Ардчилсан нам бий болгоно. Маш тунгалаг болох хэрэгтэй, маш ойлгомжтой болно. Ардчилсан нам хамтын удирдлагатай нам болно, хэн нэгний сүүдэрт орохгүй, хамтаараа хариуцлагаа хүлээдэг нам болно. Нээлттэй нам болно, Ардчилсан намтай хатмрахыг хүсч байгаа бүх хүнтэй хамтарна. Ардчилсан нам гишүүнээ хөөдөггүй нам болно. Ардчилсан нам дотор олон ургальч үзэл амьдардаг болно.
Хууль эрх зүйн орчноо шинэчилж, батална. Ч.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг гаргана. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний бодлогын хороо зэрэг дээр эрх мэдлийг тарааж өгнө. Нийт гишүүдийн оролцоотой шийдвэр гардаг, бодлого гардаг нам болно” гэлээ.
-Монголд иргэдийн амьдрал хүнд байна гэж ярилаа. Сайн сөрөг хүчин болоосой гэдэг хүлээлт их байна. Сөрөг хүчний ажлыг хэр хийх вэ. Засгийн газарт хариуцлагын асуудал ярих уу. Хариуцлага, хяналтын асуудал чухал байна?
-Бид бол нээлттэй нам болно, зарчимтай, хариуцлагатай нам болно. Энэ юуг хэлж байна вэ гэхээр ажил хэрэгч улс төрийн хүчин байя л гэж байгаа юм. Ядуурлын урсгалыг зогсоохын тулд нэг, хоёр хүнийг мулталдаг, түүгээрээ бахархдаг, ханадаг улс төрийн хүчин болохгүй. Бид бол үнэхээр ядуурлыг зогсоодог улс төрийн хүчин байя гэж байгаа юм. Бид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 11 гишүүнээрээ дамжуулж, Мөнгөний бодлогыг өөрчилнө, татварын орчныг өөрчилнө. Энэ 11 гишүүнээрээ дамжуулж бизнес эрхлэгчдийг хамгаална, төр нь бизнес рүү очдог биш төр нь бизнес дээрээ ирдэг тогтолцоог хийнэ. Энэ бол бид нарын хамгийн чухал асуудал. Энэ асуудлыг тавиад явахад эсэргүүцэх юм бол, унагах юм бол бид хариуцлага хөндөнө, хариуцлага тооцно. Тэгэхдээ бид намын гишүүдтэйгээ, ард түмэнтэйгээ хамтдаа хариуцлага нэхнэ. Түүнээс биш хүн муулаад, дайсагнаад явах юм бол Монголд хөгжил ирэхгүй юм байна, асуудал шийдэгдэхгүй юм байна.
Судалгаанаас харахад ард иргэд нэг л юмыг хүсээд байна, улстөрчид өө та нарт шийдэл байна уу, гаргалгаа байна уу, гарц байна уу. Байгаа бол ярилцая гэж байна. Гэхдээ энэ бүхэнд итгэхгүй байна гэдэг нь судалгааны дүнгээс харагдаж байгаа. Тийм учраас бид ард түмний итгэлийг олохын тулд ажил хэрэгч байя, судалгаатай байя, ярилцдаг байя, хүмүүсээ мэдэрдэг байя, тэгээд бодлогоо гаргая. Бодлогоо гаргахын тулд попрохгүй, ухаантнуудаар хүрээлүүлж гаргая, бодитой гаргая. Гаргасан бодлогоо ажил хэрэг болгоё. Харин энэ бодлогыг жадлан эсэргүүцэх юм бол, хариуцлагын алдаа гаргавал бид эрх баригчдаас хэн нь ч байсан огцруулахын төлөө явна. Ерөнхий сайдыг ч огцруулж болно, тодорхой салбар хариуцсан сайдыг ч огцруулж болно.
Бидний ард түмний төлөө явуулж байгаа бодлогыг жадлан эсэргүүцсэн хэнтэй ч хариуцлага ярина.
АН-ын бүлгийн хуралд Л.Гантөмөр оролцож байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2023.02.13/ Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна. Уг хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Ардчилсан намын дарга Л.Гантөмөр оролцож байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь сонгогчдыг парламентад төлөөлж байгаа гол институци, тэр ч утгаараа намрын чуулган завсарласан ч гэлээ намын даргаа оролцуулан ийнхүү ээлжит бусаар хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэж буй ажээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаан дууссаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.