Гар утасны сүлжээ бараадаж нүүдэг, зурагтын антен тааруулах гэж яддаг цаг ард өнгөрчээ. Хангай, говь, хээр, бүр уулын мухарт ч гээд монголчууд эх орныхоо хаана ч интернэттэй, харилцаа, холбооны эрх чөлөөтэй боллоо.
Монгол Улсад анх интернэт сүлжээ нэвтэрснийг зарлаж, эх орноосоо гаднын алдартай сайтуудыг нээн үзүүлж байсан үеэс хойш 28 жил өнгөрчээ. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай холбоотойгоор шөнөдөө антен нь хөлдөж, ажиллахаа больдог, эх орондоо нэвтрүүлснээс жил гаруйн хугацаанд өнгөрөөд байсан ч 500 орчим хүн л ашигладаг байв. Тэгвэл 28 жилийн хугацаанд техник технологи асар хурдан хөгжиж, талын монгол нутагт минь ч интернэт нэвтэрсэн. Хэдий дэлхийн хөгжлөөс тэгтлээ холдчихгүй яваа ч өнөөг хүртэл гар утасны сүлжээ бараадаж нүүдэг, уул, овоо, өндөр юман дээр гарч, сүлжээ оруулж гар утсаараа ярьдаг, интернэттэй холбогддог газар олон. Бүр нийслэл хотдоо ч дотоодын интернэтийн хурд шаардлага хангахаа больж, олны шүүмжлэлд өртөж байгаа. Харин энэ үед олон улсад хурдацтай тархаж, хиймэл дагуулаас шууд 100 Mbps хурдны интернэт ашиглах боломж олгож байгаа Старлинк сүлжээ Монголд албан ёсоор нэвтэрч байна.
-МОНГОЛЫН ХААНААС Ч ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТИЙГ ХЯМД ҮНЭЭР АШИГЛАХ БОЛОМЖТОЙ-
Дэлхийн тэргүүн баян Элон Маскын үүсгэн байгуулсан сансар судлалын “SpaceX” компанийн охин компани болох хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлдэг “Старлинк” компанийн сүлжээ Монгол Улсад албан ёсоор нэвтэрснийг эх сурвалжууд мэдээлж, тус компани вебсайт дээрх мэдээллээ шинэчилж, Монгол Улсыг сүлжээндээ холбосон орон болсныг зарласан. Тус сүлжээний албан ёсны вебсайтад мэдээлснээр хиймэл дагуулаас интернэт сүлжээ хүлээн авах төхөөрөмжийн үнэ нь монгол мөнгөөр 1,525,000 төгрөг байсан бөгөөд хүргэлтийн ханш нь 150 мянган төгрөгийг төлснөөр 1-2 долоо хоногийн дотор гар дээрээ хүлээн авах аж. Харин төлбөрийн хувьд Старлинк төхөөрөмжийг нэг байршилд ашиглавал монгол мөнгөөр сарын 185 мянган төгрөг, дурын байршил зөөврөөр ашиглавал сард 250 мянган төгрөгийн хураамж төлнө. Монгол хэрэглэгчдэд зориулсан уг төлбөрийг Америкийнхтай харьцуулбал хоёр дахин бага байгааг нь гаднын хэвлэлүүд мөн онцолжээ.
Түүнчлэн Старлинк сүлжээний интернэтийн хурд нь 150-300 Mbps бөгөөд сард нэг төхөөрөмжөөр хүлээн авах интернэтийн хэмжээ нь хязгааргүй гэнэ. Иймээс нэг өрх дээр дурдсан төхөөрөмж, хүргэлтийн үнийг төлж, сар бүр суурь хураамж төлөхөөс хөршүүдтэйгээ, байрныхантайгаа санал нийлж аван дундаа ч хэрэглэх боломжтой аж. Учир нь, Старлинк сүлжээний төхөөрөмж нь интернэт хэрэглэгчдэдээ тооны хязгаар заагаагүй бөгөөд олон өрх ч дундаа ашиглах боломжтойгоороо мөн манай оронд онцлог болно. Мөн манай орны онцлогт тохирсон өөр олон онцлогтой бөгөөд Старлинкийн төхөөрөмжийг зөөж, хүссэн үедээ, хүссэн газартаа тэнгэр рүү харуулаад л хиймэл дагуулаас өндөр хурдны интернэт хүлээн авах боломжтой нь малчид, тээвэрчдэд ч тун ашигтай байх нь. Гаднаас интернэт сүлжээгээ татаж, гаднынхан шилэн кабелиа таслахад л интернэтгүй болох өндөр эрсдэлтэй, харилцаа, холбооны тусгаар тогтносон байдалгүй байсан Монгол Улсад дэлхийд гайхагдаж байгаа Старлинк сүлжээ орж ирснээр дэлхийтэй хөл нийлүүлж, интернэтийн эрх чөлөөнд хүрч байгаа юм байна.
-СТАРЛИНКИЙН ТАЛААР БИД ЮУ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ-
Сансар судлалын “SpaceX” компанийн охин компани “Старлинк”-ийн салбар нэгж Монголд байгуулагдсан тухай мэдээлэл анх 2022 онд цацагдаж байсан бөгөөд манай улсад “Старлинк сервисес монголиа” ХХК-аар нэвтэрсэн. Тэгвэл Монгол дахь “Старлинк сервисес монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Литва дахь салбар нэгжийн удирдлагаар ажиллаж байсан Лорен Дрейер ажиллах гэнэ. Түүнчлэн өдгөө дэлхийн 70 гаруй оронд албан ёсоор сүлжээгээ нэвтрүүлээд байгаа “Старлинк”-ийн толгой компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баян Элон Маск уг сүлжээг ойрын жилүүдэд хурдацтай хөгжүүлж, энгийн хүмүүст ч дэлхийн хамгийн өндөр хурдны интернэт буюу НАСА-гийнхтай төстэй өндөр хурдны интернэт ашиглах боломж олгох амбицтай байгаа талаараа мэдэгдээд буй. “Старлинк” компанийн хувьд ч олон улс даяар хэрэглэгчдээ нэмэх ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд дахин хөгжүүлэх ажлаа ч идэвхтэй явуулж байгаа гэнэ.
Харин олон улс Старлинк сүлжээг тэгж сайн анхаарч, авч ашиглаж байгаа гол шалтгаануудын нэг нь тус сүлжээний хиймэл дагуул ойролцоогоор 27 мянган км зайг ганцхан цагийн дотор туулах чадвар аж. Старлинкийн хиймэл дагуул ингэж хурдан явахдаа дэлхийн өнцөг булан бүрд байгаа өөрийн интернэт хүлээн авах төхөөрөмж, тавагтай холбогдож, дата мэдээлэл сольдог юм байна. Төхөөрөмж нь дөрвөн минут тутамд хиймэл дагуултайгаа дата солилцох чадвартай бөгөөд хэрэглэгч тавган төхөөрөмжийг тохируулах гэж ядахгүй, ердөө тэнгэр рүү харуулаад л тавихад дэлхийтэй зэрэгцэн өндөр хурдны интернэтийг ашиглах боломжтой болох аж.