Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан АНУ-ын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдээд байсан. Улмаар 700 мянган ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган мэдээллээ.
АНУ-аас олгож буй гурван тэрбум төгрөгийн тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзах үеэр дээрх шийдвэрийг танилцуулав.