Олон улсын эрүүгийн шүүх Оросын армийн томоохон командлагч нарыг Украины газар нутагт дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутган баривчлах тушаал гаргажээ. Тодруулбал, олон улсын эрүүгийн шүүхээс хоёр хүний нэр хэлсэн нь армийн дэслэгч генерал Сергей Кобылаш болон флотын адмирал Виктор Соколав нар юм. Тэднийг Украины цахилгааны дэд бүтцийг пуужингаар онилох ажиллагааг удирдсан гэж ийн буруутасан байна. Энэ халдлагууд нь 2022 оны 10-р сараас 2023 оны 3-р сарын хооронд гарсан гэж албаныхан үзэж байгаа юм. Үүнээс болж олон энгийн иргэд хохирсон аж. Өдгөө 58 настай Сергей Кобылаш нь энэхүү гэмт хэргүүд үйлдэгдсэн гэж үзсэн цаг хугацаанд Оросын нисэх хүчний командлагчаар ажиллаж байсан бол 61 настай Виктор Соколов нь мөн үед хар тэнгисийн флотын командлагч байжээ. ОХУ-ын хувьд энгийн иргэдийг онилсон тухай аливаа халдлагыг үгүйсгэсээр ирсэн юм. Мөн ингэснээр ОУЭШ Украины дайнтай холбоотойгоор Оросын өндөр албан тушаалтан, эрх баригчдыг баривчлах шийдвэр гаргаж буй хоёр дахь тохиолдол болж байна. Жилийн өмнөх мөн үед ОУЭШ Украин хүүхдүүийг хүчээр эх орноос нь гаргасан гэх хэрэгт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон хүүхдийн байгууллагын төлөөлөгч Мария Львова Белова нарыг баривчлах тушаал гаргасан. Гэхдээ ОХУ нь ОУЭШ-ийн гишүүн орон биш тул эдгээр нэр бүхий албан тушаалтнуудыг баривчлах магадлал бага гэсэн үг. Оросын армийн командлагч нарыг баривчлах тухай шийдвэр гарсныг Украины ерөнхийлөгч В.Зеленский сайшааж байгаа талаараа мэдээлсэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Украины энгийн иргэд болон иргэний дэд бүтцийг онилсон аливаа халдлагын ард байгаа хэнбугайд ч шударга ёс үйлчлэх ёстой” гэжээ. Олон улсын эрүүгийн шүүх нь 2002 онд үүсгэн байгуулагдсан ба үй олноор хомроглон устгах буюу геноцид, дайны гэмт хэрэг зэрэг томоохон гэмт хэргүүдийг шалгаж, шударга ёс тогтоох зорилготой. Үүнд 123 улс орон нэгдсэн ч ОХУ, Хятад, Энэтхэг, АНУ зэрэг орнууд байдаггүй аж.
https://edition.cnn.com/