УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ.
2021 оны төсвийн төслийг хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлангаар ахлуулан, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Уг ажлын хэсгээс гаргасан саналуудыг МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцжээ. Б.Жавхлан гишүүн “Ажлын хэсэг төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын төсөвт төвлөрүүлж буй орлого хангалтгүй байна. Тиймээс Засгийн газар яаралтай бүтцийн өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь гэж үзлээ. Урсгал зардал, хөрөнгө оруулалтыг зардлыг бууруулж болох эсэх дээр ажлын хэсэг ажиллаад 60-70 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзсэн. Мөн халамжийн зардлаас 25 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахад ямар нэгэн эрсдэл үүсэхгүй нь гэж шийдсэн. Түүнчлэн нэг удаагийн хөрөнгө оруулалт, хийхээр төлөвлөсөн томоохон хурал зөвлөгөөний зардлаас нийт 20 орчим төгрөгийн хэмнэлт хийх санал гаргаж байгаа” гэлээ.
МАН-ын бүлэг ийнхүү шийдвэрээ танилцуулсныхаа дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулла.
-Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийнэ гэхээр татан буулгана гэсэн үг үү?
Б.ЖАВХЛАН: -Энэ ажил бол зөвхөн 2021 оны төсвийн хүрээнд хийгдэх ажил биш. Харин 2021 оны төсөвтэй хамт Засгийн газарт маш тодорхой чиглэл өгсөн тогтоолын төслүүд батлагдана. Манай улсад төрийн болон орон нутгийн өмчит, хамтарсан аж ахуйн нэгж 500 гаруй байдаг юм байна. Үүнээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг нь 106. Бусад нь салбар салбарынхаа яамдад удирдагдаж байна. Засгийн газар үүн дээрээ анхаарч татан буулгахыг нь татан буулгаж, хувьчлахыг нь хувьчлах хэрэгтэй. Заавал төрд байх ёстойг нь авч үлдээд үйл ажиллагаа, засаглалыг нь сайжруулах нь зөв гэж үзэж байгаа.
-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас гадна удирдлагууд нь өөрсдөдөө их хэмжээний урамшуулал цалин авдаг, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг байгууллагаараа төлүүлдэг асуудлууд ил болж байна. Баригдахаараа буцаагаад төлчихдөг боллоо. Төлсөн учраас гээд хариуцлага тооцохгүй өнгөрч болох юм уу. Бас “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцсэн үү?
Д.ТОГТОХСҮРЭН: -Хариуцлага хүлээх ёстой гэж бодож байгаа. Манай бүлгийн гишүүд бүгд ижил байр суурьтай байгаа. Хариуцлага тооцох байгууллага нь Засгийн газар. Тиймээс Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагатай холбоотой асуудлыг ойрын үед хэлэлцэх байх. Авсан цалин урамшууллаа буцааж төлсөн ч гэсэн тэр үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй.