Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг сар шинийн барилдаан өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдаж, энэ жил явагдах эсэх нь тодорхойгүй байсан билээ. Тэгвэл өчигдөр (2021.02.01) Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл хийн сар шинийн барилдаан ирэх хоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдах болсныг баталлаа.
Тус холбооны мэдэгдэлд “Сар шинийн уламжлалт барилдааныг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.
Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө” гэв.
Хавсралтанд зааснаар барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17:00 цагаас эхлэн тусгаарлагдах аж. Мөн бөхчүүд болон бусад албаны хүмүүс нийтдээ хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахаар заагджээ.