Жо Байден сурталчилгааныхаа үеэр АНУ-аас гадаад иргэдийг хууль бусаар албадан гаргахыг болиулахаа амлаж байсан ч Ерөнхийлөгч болсон эхний өдрүүддээ хэдэн зуун цагаачийг албадан нутаг буцаажээ.
Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт холбооны шүүхээс Жо Байденд 100 хоногийн хугацаанд албадан нутаг буцаах үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан ч АНУ-ын цагаачлал, гаалийн алба сануулгыг үл тоон сүүлийн долоо хоногт ойролцоогоор 3 улсад албадан нутаг буцаах ажил гүйцэтгэжээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 28-нд 15 хүнийг Ямайка руу, дараа өдөр нь 269 хүнийг Гватемала, Гондурас руу, энэ сарын 1-нд дахин хэдэн арван хүнийг нутаг буцаасан байна.
Гэвч тэдгээр нутаг буцсан хүмүүсийн чухам хэчнээн нь үнэхээр хууль бусаар хил давсан, үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн амар амгаланд халтай байсан нь тодорхогүй үлдсэн юм.
Нутаг буцаж буй хүмүүсийн дунд 2019 оны 23 хүн нас барсан аймшигт аллагын гэрч Роза бий гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хуульчтайгаа уулзахаар явж байгаад машиных нь гэрэл эвдэрсэн гэх шалтгаанаар цагдаад баригдан, хуульчтайгаа уулзаж амжилгүй цагаачлалын албанд саатуулагдсан байна. Түүнийг нутаг буцаахаас өмнө гэмт хэрэг, хүчирхийллээрээ зартай Эл Пасогийн шоронд байлгахаар болсон гэнэ. Эл Пасо дүүргийн өмгөөлөгчдийн мэдээлж байгаагаар гэмт хэргийн хохирогчдод виз өгөх зохицуулалт байдаг гэнэ. Гэвч тэд Розаг хохирогч биш тул дээрх зохицуулалтад хамаарахгүй хэмээн үзэж байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Жо Байден, Камала Харрис нар хоёул Трампын албадан нутаг буцаах арга барилыг эрс буруушаан шүүмжилж байсан ч эрх мэдлийг гартаа авмагцаа ижил зүйл хийж байгаа нь олны бухимдлыг төрүүлж байгаа гэнэ.