Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас санаачилсан “COVAX” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 188940 тун вакцин нийлүүлэхээр төлөвлөжээ. “AstraZeneca” компани, Оксфордын их сургуульд гарган авсан Сovid-19-ийн эсрэг вакцинаас 163200 тун, “Pfizer-BioNTech” компанийн вакцинаас 25740 тунг Монгол Улсад энэ оны эхний хагаст нийлүүлэх ажээ.
Эпидемийн бэлэн байдлын инновацын эвсэл (CEPI), “GAVI” холбоо, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй “COVAX” хөтөлбөр 2021 оны эхний хагаст 337 сая вакциныг хөгжиж буй орнуудад түгээх тухай урьдчилсан тайлангаа өчигдөр (2021.02.03) танилцуулсан юм.
“COVAX” хөтөлбөрийн хүрээнд вакцин түгээх урьдчилсан тайланд дурдсанаар, “AstraZeneca-Oxford”-ын 336 сая тун, “Pfizer-BioNTech”-ийн 1.2 сая тун вакцин нь 145 орны хүн амын 3.3 хувийг дархлаажуулахад хүрэлцэх ажээ. “Pfizer-BioNTech”-ийн вакцины хувьд ДЭМБ-ээс Сovid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хэрэглэхээр албан ёсоор баталгаажуулсан цорын ганц вакцин бол “AstraZeneca-Oxford”-ийн вакцин бөгөөд өдгөө судалж байгаа юм.
ДЭМБ нь Сovid-19 цар тахалтай тэмцэх, дэлхийн хүн амыг вакцинжуулах үйл явцад өндөр хөгжилтэй болон ядуу буурай орнуудад вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилах зорилгоор “COVAX” санаачилгыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Одоогоор нийт 190 орон уг санаачилгад нэгдээд байгаа юм.
“COVAX” хөтөлбөрийн хүрээнд энэ оны эцэс гэхэд хоёр тэрбум хүртэлх тун вакциныг буурай хөгжилтэй орнуудад хүргэхээр зорьж буй бөгөөд энэ нь гишүүн орнуудын хүн амын 20 гаруй хувийг дархлаажуулахад хангалттай хүрэлцэх хэмжээ билээ. Гэхдээ санхүүжилтийн асуудал одооноос тулгарч эхлээд байгаа учир энэ зорилтдоо хүрч чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байна.