Covid-19 орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжин тархах эрсдэл маш өндөр байгааг судлаачид хэлж буй. Нийслэлийн Баянгол дүүрэгт нэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, иргэдийг PCR шинжилгээнд хамруулсан.
Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн төв, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн хоёр багштай хамтран агааржуулалтын хоолойгоор халдвар тархах эрсдэл байгаа эсэхийг судалсан байна. Баянгол дүүрэгт байрлах таван орон сууцны агааржуулалтын хоолойг судалж, шалгахад хоёр байрны агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан байж болзошгүй гэж таамаглажээ.
Учир нь нэгдүгээр сарын 9-нд тус дүүргийн зургадугаар хороонд дөрвөн өрхийн найман иргэн халдвар авсан нь батлагдсан. Зургаан давхар байрны нэг орцны 2-5 давхрын агааржуулалтын сувгийг дагасан айлуудад халдвар тарсан байжээ.
Өвчлөл бүртгэгдсэн айлууд нэг орцны харалдаа айлууд. Агаар сэлгэлтийн нэг сувагтай. Мөн тухайн айлуудаас асуумж авахад бүх айлд доод, дээд айлаас нь хоол болон тамхины үнэр үргэлж үнэртдэг гэж хариулжээ. Үнэр үнэртэж байна гэдэг нэг айлын агаар нөгөө айл руу нэвтэрч орж байна гэсэн үг.
“ТАРХВАР ЗҮЙН СУДАЛГААГААР ХАЛДВАРЫН ЭХ УУРХАЙ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙСАН”
Нийгмийн эрүүл мэндийн төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувдаас энэ талаар тодруулахад “Өнгөрөгч нэгдүгээр сард нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах таван орон сууцны агааржуулалтын хоолойд хяналт шалгалт хийсэн. Энэ үеэр хоёр байрны дөрвөн айлын иргэд Covid-19-өөр өвчилсөн. Тархвар зүйн судалгаа хийж, иргэд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа нөхцөлд өөр өөр чиглэлийн таамаглал гарган судалгаа хийдэг. Бусад голомтод хүнээс хүнд халдварласан нь тогтоогдсон учраас заавал өөр зүйлтэй холбож судлах шаардлагагүй.
Гэхдээ орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжин, халдвар тархах эрсдэлтэйг батлахын тулд тухайн байрыг эвдэх шаардлагатай болно. Тухайн үед вирус хэрхэн агааржуулалтын хоолойгоор дамжсаныг судлах гэхээр тухайн үеийн агаар нь байхгүй болсон байдаг. Дэлхийн хөгжилтэй орнуудад битүүмжилсэн агаар дотор Соvid-19 хэрхэн дамжиж буй талаар тусгайлан судалж болно. Монголд тусгай байр байхгүйгээс вирус алдах эрсдэл өндөртэй. Тийм учраас бид таамаглал дэвшүүлж, урьдчилан сэргийлэх нарийн зөвлөмж гаргасан” гэв.
Хэрвээ орон сууцны агааржуулалтын хоолой ажиллахгүй, эсвэл бохирдож, хөлдсөн бол дотор агаар гадагшлахгүй, байранд вирус тархах өндөр эрсдэлтэй. Тиймээс эрдэмтэн судлаачид дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд,
- Судалгааны явцад орон сууцны айлууд агаар сэлгэлт маш муу хийдэг нь харагджээ. Тиймээс иргэд тогтмол агаар сэлгэлт хийх нь чухал.
- Гэрийнхээ дотор температур, чийгшил хэмждэг багаж байршуулах. Ингэхдээ гэрийн температур 20-24 хэм, чийгшил 25 хувь байх. Гэр доторх агаарыг хэт их чийгшүүлж болохгүй.
- Ариун цэврийн өрөөндөө сэнстэй айлууд халдвар тархах эрсдэлтэй энэ үед хэзээ ч битгий унтраагаарай. Өдрийн 24 цагийн 7 цагт гэрлээ асаалтай байлгаж, сэнсээ ажиллуулах.
- Тухайн байрны СӨХ-ны ажилчид бохирдож, гэмтсэн, хөлдсөн агааржуулалтын хоолойг маш сайн цэвэрлэх.