Япон улсын нийслэл Токио хотноо ирэх долдугаар сарын 23-ны өдөр зуны XXXII удаагийн олимпийн наадам нээлтээ хийхээр төлөвлөгдсөн. Гэвч Токиогийн олимпийг эсэргүүцэх аян Япон улсад эрчимтэй өрнөж байна. Саяхан Токио хотын захирагчид нэр дэвшиж байсан Кэнжи Үцүномияа хэмээх хуульч эрхэм олимпийг цуцлах онлайн аян өрнүүлж, 350 мянган хүний дэмжлэгийг авч чаджээ.
Олимп зохион байгуулагчдын зүгээс байж болох бүхий л урьдчилсан арга хэмжээг авч байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, олимпийн наадмыг үзэх гэж хилийн чинадаас ирэх албаны хүмүүс, тамирчид, дасгалжуулагчдаас бусад шаардлагагүй төлөөлөгчдийн тоог бууруулахыг шаардаж байгаа аж. Мөн олимп, паралимпийн тамирчдыг Япон улсад ирэхэд ухаалаг утасны хэрэглүүрийн тусламжтайгаар байнга хянах юм байна.
Монголын баг тамирчид спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Хамгийн олон эрх авсан спортоор чөлөөт бөх тодроод байгаа бөгөөд Монголын бөхчүүд нийт есөн эрх авчээ. 3х3 сагсан бөмбөг болон пара таеквондо зэрэг энэ удаагийн Токио-2020 олимпийн наадмын хөтөлбөрт шинээр орж буй хоёр төрөлд одоогоор гурван эрх аваад байна. Мөн Монгол Улс ширээний теннисний спорт болон эмэгтэй боксын төрөлд анх удаагаа олимпийн эрх авсан билээ.
Тавдугаар сард олимпийн эрх олгох чухал тэмцээнүүд бий. Тухайлбал, Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг болон таеквондогийн шигшээ баг олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Үүнээс гадна олимпоос медаль авах өндөр боломжтой жүдо бөхийн тамирчдыг зургадугаар сард ДАШТ хүлээж байна. Энэ удаа Унгарт явагдах ДАШТ нь олимпийн өмнөх сүүлийн ганц тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын жүдогийн шигшээ багийн тамирчдаас Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар, Саеид Моллаей, Ё.Басхүү, Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, Г.Одбаяр, МУГТ Д.Амартүвшин, Ө.Дүүрэнбаяр, Л.Өнөболд, МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Сумъяа, Л.Сосорбарам, Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар олимпийн эрх авах боломжтой байна. Зарим жинд хоёр тамирчин эрх авах боломжтой бөгөөд хэнийг нь Токиогийн олимпод оролцуулахаа Монголын үндэсний олимпийн хороо, Жүдо бөхийн холбоотой хэлэлцэн шийдвэрлэнэ.
Нэг жинд нэг улсаас зөвхөн нэг л тамирчин өрсөлдөнө.
Жүдогийн спорттой адил чөлөөт бөхийн тамирчдаас хэнийг нь Токио руу илгээхийг Монголын чөлөөт бөхийн холбоо шийднэ. Учир нь олимпийн эрх нь эрх олгох тэмцээнд түрүүлсэн тамирчинд бус тухайн улсын холбоонд хуваарилагддаг.
Олимп ойртох тусам олон улсын спортын судалгаа, шинжилгээний байгууллагууд медалийн урьдчилсан жагсаалт гаргаад эхэллээ. Саяхан “Gracenote” олон улсын судалгааны байгууллагаас Монгол Улсыг ирэх Токиогийн олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэж тооцолсон. Тэдний судалгаанаас харахад, жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртэнэ гэж тус тус үзжээ.
Bestsports.com сайтын тавдугаар сарын 14-нд гаргасан судалгаагаар Монгол Eлсыг мөн нэг мөнгө, нэг хүрэл медаль авна гэж тооцсон аж. Харин totallympics.com сайт болон olympicmedalspredictions.com сайтын зүгээс Монгол Eлсыг гурван хүрэл медаль хүртэнэ гэж таамаглажээ.