Эрүүл мэндийн сайд С.Энхболд ‘Арбидол эмийг өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассанаас эмчилгээнээс хасаагүй’ гэх тайлбарыг өгсөн юм. Арбидолыг өвөрмөц эмийн жагсаалтаас яагаад хасах болсон, уг эм Covid-19-ийн эмчилгээнд үр дүнтэй байж чадсан эсэх талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодруулахад:
-Эрүүл мэндийн яамнаас тушаал гаргаж, эрдэмтдийн багтай зөвлөлдөн бусад улс орны жишгийг харж энэ шийдвэрийг гаргасан. Дэлхий дахинд SARS-CoV-2 буюу Covid-19-ийг анагаах өвөрмөц эмийг гаргаж авч чадаагүй байна. Эрүүл мэндийн яамнаас хэдхэн хоногийн өмнө есдүгээр сарын 6-нд өвөрмөц эмийн удирдамжийг шинэчлэн баталсан. Эмнэлзүйн удирдамжийг ЭМЯ-ны тэргүүлэх зэргийн доктор, эмч нар боловсруулдаг.
Өмнө нь, ОХУ-ын өвөрмөц эмийн удирдамжийн дагуу Монголд covid-19-ийн эсрэг эмийн жагсаалтад оруулсан байсан. Харин одоо Орос өвөрмөц эмийн жагсаалтаас хассан учир бид энэ удаагийн шинэчлэн баталсан удирдамжаасаа хассан. Яагаад гэвэл, Монгол Улс ОХУ, АНУ, БНХАУ болон ДЭМБ, Европын холбооны удирдамжийг бүгдийг үзэж танилцаж байгаад өөрийн орны нөхцөлд тохирсон удирдамжийг гаргасаар ирсэн.
Хамгийн сүүлд эрүүл мэндийн сайдын А549 тушаалаар арбидолыг өвөрмөц үйлдэлтэй ангиллаас хасч ерөнхий буюу томуугийн эмчилгээнд эмчийн заалтаар хэрэглэж болно гэж өөрчилсөн. Эмч арбидолыг хэрэглэх шаардлагатай гэж зөвлөсөн тохиолдолд эмийн багцад хуучны адил оруулна.
Арбидолыг анхнаасаа томуу, томуу төст өвчний үед хэрэглэж байсан. Тиймээс ерөнхий хэрэглэх эмийн жагсаалтад хэвээр байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хэрэглэж болно гэдэг ангилалд оруулсан. Хэрэглээнээс хассан гэж ойлгож болохгүй. Зөвхөн Covid-19-ийн эсрэг өвөрмөц үйлдэлтэй гэж тооцохоо больсон. Өвөрмөц эм гэдэг нь зөвхөн тухайн Covid-19-ийн эсрэг үйлчилгээтэй гэсэн үг.