Арван мянга орчим жилийн өмнө дэлхийд амьдарч байсан арслан заанууд бүрмөсөн устаж үгүй болсон юм.
Уг сүрлэг амьтныг дахин амьдруулах шинжлэх ухааны төсөл сүүлийн арав орчим жил яригдаж байгаа ч бодит ажил болоогүй байв. Тэгвэл эрдэмтэд арслан зааныг сэргээх төсөлд $15 саяын санхүүжилт олсноо Даваа гарагт зарлажээ.
Санхүүжилтийг биотехнологийн Colossal компани гаргахаар болсон байна. Уг компанийг мэдээллийн тенологийн салбарын бизнесмэн Бэн Ламм, Харвардын анагаах ухааны сургуулийн генетикийн профессор Жорж Чурч нар хамтран байгуулжээ.
Жорж Чурч нь генийг засварлах технологийн анхдагч эрдэмтэн юм.
Эрдэмтэд эхлээд заан, арслан зааны эрлийз тугалыг лабораторийн орчинд гаргах зорилт тавьжээ. Ингэхдээ тэд Азийн зааны арьснаас авсан эсийг арслан зааны олдвороос авсан ДНХ-тэй нийлүүлж, дахин программчлах юм байна.
Хэрвээ төсөлд ямар нэг саад учрахгүй бол зургаан жилийн дараа үс ноостой зааны тугал лабораторийн хиймэл умайнаас төрөх юм.
“Бидний зорилго бол арслан заантай яг адилхан харагдах хүйтэнд тэсвэртэй зааныг бий болгох юм. Тодруулбал Цельсийн -40 хэмийн хүйтэнд амьдрах чадвартай, заан, арслан зааны бүх чанаруудыг шингээсэн амьтныг бий болгоно” гэж профессор Чурч хэвлэлд ярьжээ.
“Бид зөвхөн арслан зааныг дахин амьдруулаад зогсохгүй, Арктикийн бүс нутагт шинэ эрлийз сүрэг бий болгох юм” гэж төслийн хамтрагч Ламм ярьж байна.