Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид өнгөрсөн гуравдугаар сард “Covid-19 халдварын анхны тээгч нь сарьсан багваахай байсан байж магадгүй. Цаашлаад бусад амьтдын биед мутацид орсон байж болзошгүй. Covid-19 халдварын завсрын тээгч нь усны булга, туулай, загал элбэнх, гэрийн тэжээвэр муур, суусар, өмхий хүрэн зэрэг амьтан байж магадгүй” талаар мэдээлсэн. Олон улсад гэрийн тэжээвэр муур, нохойноос халдвар ихээр илэрч байна. Эрдэмтдийн анхааруулснаар, амьтад хүнээс халдвар авч, хүмүүст эсвэл бусад амьтдад халдвар тараах эрсдэлтэй гэнэ. Ингэснээр Covid-19 халдварыг хүмүүс дунд төдийгүй байгальд тараах эрсдлийг нэмэгдүүлж буй.
Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Туул голд нутагшуулах үржүүлгийн минжнээс Covid-19 халдвар илэрсэн. Энэ нь Монгол Улсад хүнээс амьтанд халдварласан анхны тохиолдол болж бүртгэгдсэн юм.
Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар “Наймдугаар сард манай ажилтнууд Covid-19 халдвараар өвчилсөн. Тэр үеэр минжнүүдэд халдварт өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн. Иймд бид Зооноз өвчин судлалын үндэсний төвд /ЗӨСҮТ/ хандан минжнүүдээс шинжилгээ авч, эмчилгээнд явуулсан. ЗӨСҮТ-өөс шинжилгээ авч оношлоход шинж тэмдэг илэрсэн долоон минж дельта мутациар халдварласан байсан. Одоо тэдгээр минжнүүд эдгэрсэн. Эмчилгээнд нийт 50 минж хамрагдсан бөгөөд долоо хоногийн дотор бүрэн эдгэрч гарсан” гэлээ.
Харин Нийслэлийн мал эмнэлгийн газраас “Монгол улсын хэмжээнд Covid-19 халдвараар минж болон муур өвчилсөн. Одоогоор энэ хоёр төрлийн амьтдаас илрээд байна. Нийт хоёр муураас илэрсэн. Эмчилгээ хийгдэж байна. Гэрийн тэжээвэр амьтад нэг сартайдаа вакцин хийлгэж дархлаагаа тогтоодог. Хэрэв вакцинтай гэрийн тэжээвэр амьтан Covid-19 халдвар авсан тохиолдолд манай байгууллагад хандан эмчлүүлнэ. Гэрийн тэжээвэр амьтад найтаагаад эхэлвэл халдвар авсан байх магадлалтай” гэх мэдээллийг өгөв.
Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь гэрийн тэжээвэр амьтантай гэсэн албан бус тоо бий. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд 60 орчим мянган гэрийн тэжээвэр нохой, 3000 орчим муур байдаг.
Тиймээс гадаад улсаас тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийн гэрийн тэжээвэр амьтныг хүнтэй адилхан тусгаарлаж байгаа юм. Эзэн нь тусгаарлах байранд тусгаарлагдаж, тэжээвэр амьтнаас бас шинжилгээ авдаг гэдгийг албаныхан онцлов.