-Шатахууны хомсдолын асуудал үүсч эхэллээ. Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг. ОХУ-ын “Роснефть” компанийн хувьд Монгол Улс шатахууныхаа хэмжээг гэрээгээр зохицуулдаг. ОХУ-аас шатахуун авдаг гэрээнд тодорхой нэг заалт байдаг нь “Сар болгон 28 мянган тонн АИ-92 бензинийг ОХУ өгөх ёстой” гэсэн харилцан үүрэг хүлээсэн байдаг. ОХУ-аас наймдугаар сарын сүүлчээр 28 мянган тонн шатахуун нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Үндсэн шалтгаан нь найм, есдүгээр сард гол нийлүүлэгч Ангарскийн нефть химийн үйлдвэр дээр засвар хийж байгаа. Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой. Тиймээс есдүгээр сард 17 мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Ийм нөхцөл байдал үүссэн учраас улсын шатахууны хэрэглээг тогтмол хэмжээнд байлгахын тулд Хятад улсын “Чайна ойл” компанитай таван аж ахуй нэгж /Петровис, Шунхлай, Магнай трэйд, Сод монгол, Лэкс ойл/ гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар нэг сар гаруй хугацаанд хэрэглэх шатахууны мөнгийг төлж, гэрээгээ хийгээд баталгаажуулчихсан.Наашаа явах вагоныхоо кодыг авчихсан. Бид ямар нэгэн шатахууны хомсдол үүсгэхгүйгээр Хятадаас шатахуун нийлүүлэх дүр зурагтай байсан.Гэтэл өчигдөр өглөө /2021.09.20/ өглөө ОХУ-ын “Роснефть” компаниас есдүгээр сарын 16-ныг хүртэл 7400 орчим тонн АИ-92 бензинийг нийлүүлсэн байсан. Өгөх ёстой хэмжээгээ 17 мянга гэж хэлсэн учраас ойролцоогоор 9-10 мянган тонн шатахууныг үлдсэн хугацаанд өгөх ёстой байсан. Гэтэл өчигдөр аравдугаар сарын 1-нийг хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсон гэх мэдэгдлийг гэнэт өгсөн. Яг үүнтэй давхцаж Хятадын Хөх хотын боловсруулах үйлдвэртэй хийсэн гэрээний дагуу төмөр төмөр зам дээр вагон тавих боломжгүй байна. Учир нь Хятад улс дотооддоо их хэмжээний төмөр замын ачааны эргэлт, Монгол руу яаралтай хийх ачааны татан авалттай холбоотойгоор шатахууныг есдүгээр сард нийлүүлэх боломжгүй болсон гэдэг мэдээ ирсэн. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор аж ахуй нэгжүүд өчигдрөөс хязгаарлалтууд хийж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Хятадаас 1037 вагон буюу 50 гаруй мянган тонн АИ-92 бензиний мөнгө төлчихсөн байгаа. Монгол Улсын нэг сар гаруй хугацааны шатахууны хэрэглээний нөөцийг мөнгөө төлөөд, гэрээгээ баталгаажуулж, тэндээс ачигдахыг хүлээж байгаа. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны нөөц хэвийн байгаа. Монгол Улс хоногт 1000 орчим тонн шатахууныг ердийн хэрэглээнд хэрэглэдэг. Нефть импортлогч компаниуд шатахууны нөөцөө бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Өнөөдөр шатахууны зах зээлийн хувийн хэвшлийнхэн авч явдаг.
Бид ойрын хугацаанд 30 мянган тонн шатахуун нөөц бүрдүүлнэ. Дунд хугацаанд шатахууны үнийн эрсдэлээс хамгаалах санг байгуулж, хуульд оруулна. Ерөнхий сайдаас үүрэг өгч, төмөр замын асуудлаар ойрын хугацаанд тодорхой чиглэл гаргахаар ажиллаж байна.