“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн энэ өдрүүдэд өрнөж байна.
Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай, Сонгинохайрхан дүүрэгт Баруун салаа, Бумбатын булаг, Баянгол дүүрэгт ТЭЦ-4-ийн урд, Баянгол агропарк, Налайх дүүргийн Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд аж ахуйн нэгжүүд мод тарьж байгаа юм.
Харин мод тарихдаа уулнаас мод сугалж суулгаж байна гэх мэдээлэл гараад буй.
Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр тайлбар хийлээ.
Тэрбээр “Уулнаас мод сугалж суулгах ямар ч асуудал байхгүй. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулнаас мод авч ирж суулгах гэж байна гэсэн үндэслэлгүй худал мэдээлэл зориуд тарааж буйд харамсаж байна. Суулгацыг дотоодын мод үржүүлгийн газруудаас авдаг” гэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он хүртэл Монгол Улс тэрбум мод тарих санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр зарласан билээ.