Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг өнгөрөгч долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Тэгвэл Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хоёр яам шинээр байгуулах зардлыг суулгасан байна.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байна гэж заасны дагуу “Хөгжлийн яам” болон төрийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах зорилгоор “Цахим хөгжил, харилцаа холбооны яам” тус тус байгуулахаар тооцож, холбогдох төсвийн зардлыг тусгажээ.
Харин 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхий захирагч нарын зардалд тусгаснаар Хөгжлийн сайдын багцад 4.39 тэрбум, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдох үедээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Эдийн засгийн хөгжлийн яам болон Цахим хөгжлийн яам байгуулна гэж мэдэгдэж байсан. Энэ дагуу ирэх оны төсвийн төсөлд шинээр хоёр яам байгуулах зардлыг суулгасан байна.