Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд байгалийн хийн хоолой дамжуулах төслийн талаар танилцуулжээ.
Төслийн явцын талаарх мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан өглөө. Тэрбээр “ОХУ-аас Монгол Улсаар дамжуулан БНХАУ руу татах байгалийн хийн хоолойн төслийн явцын талаар Засгийн газрын талаар танилцуулсан. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ажил төлөвлөгөөний дагуу амжилттай урагшилж байна.
Дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн арга хэмжээ, Стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлэх түүхэн бөгөөд нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, Ази болон Европыг холбосон томоохон ажил болж байгаа гэдгээрээ онцлогтой төсөл юм” гэлээ.
Түүнчлэн Шадар сайд С.Амарсайхан “Төслийн бэлтгэл ажлыг хангах, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаар тусгай зориулалтын компанийг Монгол Улсад байгуулсан бөгөөд инженер техникийн ажилтнууд манай улсад байршин, ТЭЗҮ дээр ажиллаж байна. Одоогоор ТЭЗҮ боловсруулах явц 70 хувь байгаа ба энэ онд багтан дуусгана.
Бэлтгэл ажил үндсэндээ хоёр жил үргэлжилж, 2024 он гэхэд албан ёсоор эхэлнэ.
Одоогоор манай улс хийн хоолой татах стандарт, холбогдох хууль тогтоомжийг боловсруулж байгаа юм байна.
Түүнчлэн байгалийн хийг манай улс нутаг дэвсгэрээрээ дамжуулахаас гадна хэрэглэгч болох боломжтой аж. Энэ талаар тэрбээр “Манай улс дотоодын хэрэгцээгээ хангах, байгаль орчны бохирдлыг бууруулах, шинээр байгуулах дагуул болон хот суурин газрууд, дамжин өнгөрч буй суурин, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудыг хийн эх үүсвэрээр хангахад ямар нэг хүндрэлтэй асуудал байхгүй. Харин хэрхэн хэрэглэх, ямар зарчмаар хэрэглээгээ хангах вэ гэдгээ дотооддоо тооцооллоо гаргах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ талаар танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргах, Оросын талтай тохироо хийх ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна” хэмээв.