Монгол Улсын 2.3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэсэн зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан асуудлаар Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газар хуралдах мэдээлэл байна. Дээрх хэргийг Тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ.
raidforums.com сайтын мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг бичлэгийн мэдээллүүд байгаа талаар мөн мэдээлсэн. Энд хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд халдах гарц зэргийг наймаалцдаг байна.
Энэ талаар Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газраас тодруулахад ‘Дээрх мэдээллийг холбогдох хууль, хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа гэдэг мэдээллийг бид авсан. Шалгалтын явцад ямар нэгэн мэдээллийг одоогоор өгөх боломжгүй. Шалгалт дууссаны дараа мэдээллийг илүү тодорхой болгоод, холбогдох байгууллагууд нь олон нийтэд мэдээлэл өгнө. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Засгийн газрын тохируулагч агентлаг, салбарын бодлогыг тодорхойлдог байгууллага. Үндэсний дата төвд энэ төрлийн мэдээлэл хадгалагддаггүй бөгөөд бөгөөд мэдээлэл алдагддаггүй.
Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг тагнуулын Ерөнхий газар хариуцдаг, гэмт хэргийн шинж чанартай бол цагдаагийн байгууллага хариуцна. Хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдөө мэдээллийн аюулгүй байдлаа хариуцдаг. УИХ-ын чуулганы хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Тус хуулийн төсөл батлагдсанаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрхзүйн орчин, зохицуулалтууд бүрдэнэ’ гэлээ.