Монголын төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын амьдралын тухай өгүүлэх “Улаан цэцэг” уран сайхны кино хийж буй. Олны шүүмжлэлд өртөөд буй уран сайхны киног бүтээхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэж Улсын Их Хурлын зарим эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдэгдсэн.
Нийгэмд хүчирхийллийн гэмт хэрэг гаарч, бага насны хүүхдүүд хохирч байхад эмэгтэй гишүүд дугардаггүй мөртлөө түүхэн эмэгтэйн нэр барьж, сурталчилгаа хийж байгаа нь олны дургүйцлийг төрүүлэв. Уран сайхны киноны продюсер, жүжигчин Г.Ундармаагаас энэ талаар тодрууллаа.
Тэрбээр “Улаан цэцэг” уран сайхны киног хийхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Шаардлагатай бол манай байгууллагын орлого, зарлагыг харж болно. Манай байгууллагаас 50, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 50 хувийн зардлыг гаргаж байна.
Мөн Канадын төслөөс 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн төслөөрөө тендерт орж, тэнцсэн юм билээ.
Уран сайхны гол дүрд залуу уран бүтээлч тоглож буй. Бид хэзээ киноны дүрүүдээ зарлах вэ гэдгээ шийднэ. Нэг жилийн өмнө зураг авалтаа эхэлсэн. Одоо зураг авалт 50 хувьтай үргэлжилж байна. Нийт давхардсан тоогоор 200 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Киноны нэрийн хувьд улс төрийн намтай ямар ч хамаагүй.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны хийсэн үйл ажиллагаа нь С.Удвал агсны 100 насны ойд зориулж, эмэгтэйчүүдийн асуудалд анхаараарай гэж хүндэтгэл үзүүлсэн. Тэрнээс биш Г.Ундармаа очоод киноныхоо постерыг тавьсан зүйл байхгүй. Би ажлаа хийгээд л явж байна. Манай киноны постерыг Монголын эмэгтэйчүүдийн холбоо ашиглах ёстой. Одоо хоёр ч кино төсөл дээр ажиллах гэж байна.
Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, тухайн цагтаа эмэгтэйчүүдийн манлайлал бий болгож чадсан, Ардын хурлын депутатад есөн удаа сонгогдож ажилласан түүхэн эмэгтэй шүү дээ. Манайх дандаа л эмэгтэйчүүддээ зориулсан уран бүтээл хийдэг. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн, эрхийг хөндсөн, тэдний дуу хоолой болсон уран бүтээл хийхийг зорьдог. Энэ удаа өөр төсөлтэй байсан ч Монголын эмэгтэйчүүдийн холбооны саналыг хүлээж авсан. Монголынхоо хойч үе болсон охидод үндэсний үлгэрлэн дууриах түүхэн эмэгтэйг танилцуулахыг зорьсон. Тэгэхгүй бол залуу үеийнхэн маань хэт гадаад кино үзэж, тэндийг шүтэн биширч байна шүү дээ” гэв.