адаа налгар өдрүүд үргэлжилж байгаа ч өвлийн эхэн сар дундаа орсон гэдгийг хэн хүнгүй санаж өвөлжилтийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Жолооч нар ч цас орж, хальтиргаа гулгаа эхлэхээс өмнө автомашиныхаа бэлэн байдлыг хангах шаардлагатай. Уг нь өдийд жолооч нар өвлийн дугуйгаа солиод бэлдчихсэн, зам ч гялайсан байдаг үе. Иймд өвлийн дугуйны үнэ, эрэлт ямар байгаа талаар “Өгөөмөр” захаас сурвалжиллаа.
Дугуйны үнэ тэнгэрт “хадаж” худалдаачид хүний “мөрөөдөл” болжээ. Үүдээр нь ороход “ямар дугуй сонирхож байна” гэж ам асууна. Дугуй сонирхсон хүндээ аль болох зарахыг хичээнэ. Гэхдээ өрсөн дугуйнуудаа “манасан” наймаачид хоорондоо хөзөр тоглож, утсаа шагайсан шиг суух нь нийтлэг. Хөл гишгэх зайгүй хүн машин хоорондоо хөлхөлдөж байдаг тус зах ийм сэлүүхэн байгаа нь “Нарантуул” зах амарч байгаатай холбоотой. Бас жолооч нар өвөлдөө бэлдээгүй, дугуйны үнэ өссөн гэх мэт нь худалдан авалт буурах шалтгааны нэг болжээ.
Худалдаачдын хувьд нэг дугуй ч болтугай зарах гэж хичээж байхад дугуйны үнэ сонирхсон жолооч нар үнэтэйг нь гайхаж хямдыг эрэлхийлж дэмий л нааш цааш хөлхөлдөнө. Үнэ ханшийн тухайд, “Приус-20” загварын автомашины дөрвөн дугуй авахад хээнээсээ шалтгаалаад 300-400 мянган төгрөг аж. Дугуйны ширхэгийн үнэ өмнө нь 40-70 мянган төгрөг байсан бол одоо 60-100 мянга болж нэмэгджээ. Мөн Приус-30 загварын машины дөрвөн дугуй 600 мянган төгрөг бол “Приус-40” загварын автомашины 2015.65.16 хэмжээтэй дугуй ширхэг нь 120 мянган төгрөг болжээ. Өмнө нь 50 хувиар хямд зардаг байв. Иргэдийн хувьд аль болох он залуутай, боломжийн үнэтэй, чанартай Япон, Солонгос дугуй эрэлхийлнэ. Харин худалдаачид үнээ буулгахгүй байх сонирхолтой. Ашигаа бодож дугуйгаа зарахыг хичээх нь аль альдаа гаслантай. Дугуйгаа солихоор үнэ ханш сонирхож буй “Приус-30” машины жолооч худалдагчаас дугуйны нэг ширхэгийн үнэ асуувал 100 мянган төгрөг гэлээ. Жолооч “Пээ ямар аймар үнэтэй байна аа” гэж уулга алдсаар эргэлээ. Худалдагч араас нь “Хэдэн төгрөгт дугуй авахаар сонирхож байгаа юм, боломжийн үнээр тохирч болно. Бүх лангуу адилхан үнэтэй байгаа, хямдыг хайгаад олохгүй” гэж ятгав. Жолооч контейнер хооронд хэсэг холхисны дараа удалгүй өнөөх худалдагчаас нэг ширхэг дугуйг 75 мянган төгрөгөөр тохирч дөрвөн дугуй 300 мянган төгрөгөөр авахаар болов. Зарим худалдаачид үнээ буулгахгүй гэж гэдийнэ. Угаасаа үнэ нь нэмэгдсэн дугуйг хямдрууллаа гээд ашиггүй алдагдалтай гэж үзэх аж.