Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Нэг сэтгэл-Нэг зорилго” спортын нөхөрсөг өдөрлөг өнөөдөр боллоо. Тус арга хэмжээг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан дүүргийн ЗДТГ, Биеийн тамир спортын хороо болон “Эвт гурван тулгуур” ТББ хамтран зохион байгуулав.
Тус өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, “Эвт гурван тулгуур” ТББ-ын тэргүүн С.Бямбасүрэн, Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Сосорбарам болон тэмцээнийг хамтран зохион байгуулж буй удирдлагууд оролцлоо. Тэмцээнд харааны болон сонсголын бэрхшээл, тулах, хөдлөх эрхтний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдээс гадна төрийн албан хаагчдын 20 гаруй төлөөлөл оролцсон юм. Баг, тамирчдын дунд Параолимпийн төрөл болох суугаа волейбол, нисдэг таваг болон зуун буудалт даам гэсэн гурван төрлийн тэмцээн явагдлаа.
Тодруулбал, суугаа волейболын төрөлд Боловсрол, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчид суугаа волейболын мэргэжлийн тамирчидтай холимог баг бүрдүүлэн хоорондоо өрсөлдсөн юм. Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр “Энэхүү спорт өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний ач тусыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамир, спортын дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх нөхөн сэргээх, нийгмийн идэвхтэй харилцааг сэргээхэд нөлөөллийн хэлбэрээр дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг барих томоохон бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд эхлүүлэхээр болсон” талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгон хэллээ.