УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу давхар дээлийн асуудал болон Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд гомдол гаргаад буй. Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.
-2019 онд УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэй байна гэж суулгаж өгсөн нь яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?
-Үндсэн хуулийн Цэцэд хандсан нэг шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд орсон “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” буюу “Засгийн газрын тэргүүн нь дөрвөн УИХ-ын гишүүнээр сайд хийлгэж болно” гэсэн заалттай холбоотой. Тухайн үед үндсэн чиглэлийн яамыг УИХ-ын гишүүнээр удирдуулж болно гэж хоорондоо ярилцаад уг заалтыг оруулсан гэж ойлгосон.
Энэ өөрчлөлтөөс хойш хоёр ч Засгийн газар байгуулагдлаа. Гэхдээ хоёр Засгийн газар хоёул өөр сайд нарыг УИХ-ын гишүүнээр томилсон. Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт тавигдах гадаад харилцаа, хууль эрх зүй, мөнгө санхүүгийн бодлого, цаашлаад үндэсний аюулгүй байдал гэх мэт бодлого хамаарсан яамд үндсэн чиглэлийнх байх ёстой. Гэтэл Ерөнхий сайд болсон хүн бүр өөрийн үзэмжээр асуудалд ханддаг болчихлоо. Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн сайд хийх нь зөв үү, буруу юу. Эсвэл мэргэжлийн гэгддэг, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн сайд хийх зөв үү. Нийгэмд мөнгө төлөөд сайд болдог гэдэг хардалт байдаг. Нэлээд хэдэн сайд нар хардалт төрүүлсэн л дээ. Монголын улс төрд өмнө нь “50 саяын дэд сайд” нар гэж яриа гарч байсан удаатай. Магадгүй энэ хууль цаашид хэрэгжээд явах юм бол авлигачдын Засгийн газар байгуулагдаад байна гэсэн үг. Намдаа хамгийн их мөнгө төлсөн нь сайд болж байна. Авлигачдын Засгийн газар байгуулж байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, намын даргадаа өгсөн өргөл барьцаар нь сайдын хэмжүүр явах нь ээ.
“Ш.АДЬШАА ГИШҮҮН БИД ХОЁР ИРГЭНИЙ ХУВИАР ЦЭЦЭД ХАНДСАН”
-Засгийн газрын гишүүдийн олонх нь “давхар дээл”-тэй байх ёстой гэж та үзэж байгаа юу. Эсвэл бас тодорхой хязгаар байх ёстой юу?
-Монгол Улс чадамжтай, хүчтэй, хамгийн боломжит Засгийн газраа байгуулаасай гэсэн үүднээс Ш.Адьшаа гишүүний хамт бүлгийн шийдвэрээр бус, иргэн хүнийхээ хувиар Үндсэн хуулийн цэцэд хандсан.
-Үндсэн хуулиар Засгийн газар, түүний тэргүүний эрх мэдлийг нэмж өгсөн. Засгийн газар энэ эрх мэдлээ зөв ашиглаж чадаж байгаа эсэх дээр таны байр суурийг сонсъё?
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын эрх хэмжээ эрс нэмэгдсэн. Гэсэн хэдий ч тэргүүн нь чадамжгүй хүмүүсээр танхимаа бүрдүүлснийхээ горыг амсаж, УИХ-ын гишүүдээ лоббидож, шулуухан хэлэхэд авлигадаж байна. Жишээлбэл, төсөв хэлэлцэх үеэр 76 гишүүний тойрогт дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт хуваарилах асуудал ярьсан. Угтаа бол тухайн тойрогт дөрвөн тэрбум биш түүнээс илүү хөрөнгө оруулалт хэрэгтэй л дээ. Дөрвөн тэрбум бол нэг сургууль, цэцэрлэг барих мөнгө шүү дээ. Цаашлаад 40-50 тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгтэй байхад дөрвөн тэрбумаар асуудлыг шийдэж өглөө гээд МАН-ын бүлэг нийтээрээ төсвөө шийдээд орж ирсэн.
Энэ Засгийн газар чадамж муутай болоод гишүүдийг хөрөнгө оруулалт нэрээр авлигадаж, асуудлаа шийдээд явж байна гэж ойлгогдсон. Ер нь Засгийн газар чадамжгүй болоод ирэхээрээ УИХ-ын гишүүдээ авлигаддаг. Засгийн газрын сайд нар нь УИХ-ын гишүүд болон улстөрийн дарамт шахалтыг дийлэхээ байчихдаг. Тэд салбарынхаа төлөө өөрсдийн бодож санаж байгаагаа хийж чадахгүй байгааг бид харж байна.
Төсөв дээр нэмж хэлэхэд, УИХ-аар батлагдсан хуулийн хүрээнд Засгийн газар төсвөө бариад орж ирэх ёстой. Гэтэл УИХ, МАН-ын бүлэг дээр олонх асуудлаа шийдэхийн тулд тэр хүмүүсийн хүслүүдийг нийлүүлээд хуульдаа өөрчлөлт хийгээд төсвөө оруулж ирсэн. Төсөв батлагдах ёстой болохоос биш төсвөө дагуулаад хуулийн өөрчлөлт орж ирж байгаа нь зарчмын хувьд буруу. Эндээс дүгнэхэд, гишүүд тойрогтоо жижиг хөрөнгө оруулалт аваад Засгийн газрын хэлсэн бүрийг биелүүлдэг “кнопчин” болчихож байгаа юм.
-МАН-д одоо Үндсэн хуульд “дахин” гар хүрэх сонирхол маш өндөр. Түүнийгээ ил, далд илэрхийлээд байгаа. Ийм үед та Цэцэд хандсан нь МАН-ын захиалга байсан гэх хардлагыг төрүүлээд байна?
– Ш.Адьшаа, Н.Ганибал хоёр МАН-ын захиалгаар яваад байгаа асуудал огтхон ч байхгүй. УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт учир Засгийн газрын тэргүүн нь өөрийнхөө сонголтоор мэргэжлийн хүнийг томилох буюу ямар ч байсан авлигаас ангид Засгийн газрыг байгуулах ёстой гэж үзэж, энэ алхмыг хийсэн.
-Одоогийн сайд нарыг харахад салбараа авч явж чадахгүй байна гэдэгтэй та санал нийлэх үү. МАН дотроос ч энэ байр суурийг илэрхийлээд байгаа?
-Салбарын сайд нарыг эргээд харахад, УИХ-ын гишүүн, улстөрийн амлалтаа өгсөн, салбартаа зүрх сэтгэлээ өгч буй хүн хоёр, дээрээс нь ямар нэгэн байдлаар намын томилгоогоор томилогдсон сайд нарын хооронд маш их зөрүү байна.
Намын томилгоогоор томилогдсон сайд нар монголчуудын ярьдгаар “хавханд орсон хулгана” шиг асуудлынхаа цаана гарч чаддаггүй, яамныхаа хэдэн газар, хэлтсийн дарга нарын баригдмал сэтгэлгээнд суралцсаар байгаад бүтэн жил тойрлоо.
Юун тэр салбарын том амбиц, эрх ашиг хаана байна вэ. Жишээ нь аль салбар хамгийн сайн явааг хариулахад хүндрэлтэй байгаа биз дээ. Монгол Улсын эрх ашиг бол нэгдүгээрт юм. Түүнээс ямар нэгэн байдлаар МАН-ынхан биднийг захиалаад эсвэл 2024 онд өөрсдөө сайд дарга нар болох гээд байгаа мэтээр хандаж байгаа асуудал биш юм.