НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Сайнжаргалтай ярилцлаа.
-Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа НАМЗХ-ны 25 жилийн ой болох гэж байна. Бага хугацаа биш шүү дээ. Өнөөдрийг хүртэл юу хийв, ямар түүхтэй байгууллага юм бэ. Ярилцлагаа эндээс эхлүүлэх үү?
-Тэгье. Дөрөвдүгээр сарын 5-нд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны 25 жилийн ой тохионо. Хүнээр яривал идэр насны залуу болжээ. Улс төрийн намын дэргэд төрийн бус байгууллага, тэр дундаа залуучуудын байгууллага 25 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байна. МАН-ын 100 жилийн түүхийн 25 жилийн түүхийг бид хамтдаа бүтээлцжээ. Энэ хугацаанд хүндрэл бэрхшээл, даваа, сорилт гээд олон зүйлийг туулсаар энд ирсэн. Анх 1997 онд МАСЗХ нэртэйгээр үүсэн байгуулагдсан. УИХ-ын 1996-2000 оны сонгуулийн циклд тухайн үеийн МАХН үнэмлэхүй ялагдсан.
УИХ-д дөрөвхөн суудалтай, улс төрийн сөрөг хүчин болсон хүнд цаг үе байсан. Гишүүдийн идэвх суларсан, залуучуудын хандлага тэр чигээрээ ардчилал тал руу хэлбийсэн байж. Ингээд залуучуудтай өөрсдийнх нь хэлээр ярих асуудал тулгарсан, МАХН-д. Тиймээс намын дэргэдэх залуучуудын байгууллагыг байгуулахын тулд 21 аймаг, 330 сумыг гурван жилийн хугацаанд тойрсон байгаа юм. Намыг шинэчлэхийн тулд ах нар маань залуучуудын байгууллагыг байгуулсан гэж ойлгодог. МАСЗХ-г анх үүсгэн байгуулагч нь өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй тухайн үеийн МАСЗХ-ны удирдлагын багийнхан байлаа. Тэр хүмүүс энэ холбоог байгуулаагүй бол бид өнөөдөр 25 жил гэж яриад суухгүй шүү дээ.
-МАСЗХ-г байгуулахаас өмнө залуучуудын хөдөлгөөн байсан гэж сонсож байсан юм. Энэ талаар?
-Цөөнх болсон намын удирдлагууд намын үйл ажиллагааг яаж идэвхжүүлэх талаар олон талт яриа өрнүүлсэн биз. Тэр үед нь дөнгөж 20 гаруй насны шижигнэсэн залуучууд хөдөлгөөнөө улс төрийн намын дэргэдэх байгууллага болгоё гэсэн нь дэмжигдэж, Монголын залуучуудын анхдугаар үндэсний чуулганыг зохион байгуулж улмаар нийслэл, дүүрэг, 21 аймаг, 330 суманд намын дэргэдэх залуучуудын байгууллага байгуулах санаачилга өрнөж, өргөжсөнөөр өнөөдрийн НАМЗХ бий болсон.
-25 жил бага хугацаа биш. Энэ хугацаанд байгууллагыг тогтвортой авч явахын тулд олон бэрхшээл туулсан байх. Тэр үеийг дурсвал?
-Бэрхшээл их байсан нь ойлгомжтой. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжсэн, 90-ээд оны эхэн үед картын бараанд орсон, цөөхөн хэдэн холбоотон улстай. Монгол Улс бүхэлдээ нийгэм, эдийн засгийн хүнд байдалд байсан шилжилтийн үе. Энэ цаг үед залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. МАХН-ын залуучууд тухайн үед ёстой сэтгэлээрээ өөрт байсан бүхнээ холбоондоо барьж, энэ холбоог байгуулсан гэж ах нар ярьж байлаа. Уламжлал гэдэг өөрөө сайхан юм. 25 жилийн өмнө ах нарын байгуулсан холбоог өнөөдөр бид үргэлжлүүлээд авч явж байна. МАН гишүүдээ идэвхтэй байлгахын тулд НАМОХ, НАМЗХ, НАМЭХ, Ахмадын холбоог байгуулсан. Үзэл баримтлал нэгтэй хүмүүс нэгдэж чадсанаараа олон талын ач холбогдолтой юм.
-Монголд төрийн бус байгууллагууд гишүүн элсүүлэхийн тулд залуучуудад, иргэдэд “хайр” зарлаж, уйгагүй явдаг мода бий. Тэгвэл НАМЗХ гишүүдээ яаж элсүүлдэг байв. Бас л есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумаар уйгагүй тойрсон биз. Гишүүн элсүүлэхийн тулд уйгагүй явдаг байсан шигээ өнөөдөр салбар зөвлөлүүд, анхан шатныхантайгаа хэр ойр ажилладаг байгууллага вэ?
-Өнгөрсөн цагийн түүхийг харвал гишүүн элсүүлэхийн төлөө яваагүй. МАХН нь өөрөө нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд салбартай, гишүүнчлэлтэй. Сумын баг бүр дээр үүртэй. Ийм системтэй. Аймаг сумынхаа намын хороо, үүрүүдээр дамжуулж залуучуудаа элсүүлдэг. Залуусыг кампаничилж элсүүлэхээс илүүтэй үйл ажиллагаагаа таниулах, сурталчлахад гол анхаарлаа хандуулдаг. Баруун, зүүн, төвийн аймгуудын соёлын ялгаа өөр өөр байдаг. Тухайн аймаг, орон нутгийн онцлогт нийцсэн үйл ажиллагааг явуулдаг. Энэ бүхэнд хүнээ бэлтгэх ажлыг түлхүү хийж ирсэн. НАМЗХ өнгөрсөн цаг үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд үргэлж нөхөрлөлийг бий болгосон. Нөхөр нөхөртөө үнэнч байж, эвлэлдэн нэгдсэн. Шат шатандаа өрсөлдөхүйц боловсон хүчнийг бэлтгэж байна. Эндээс шалгарсан хүмүүс нь орон нутгийнхаа шат шатны сонгуульд өрсөлдөх, намаас, залуучуудын байгууллагаасаа дэмжлэг авдаг тийм системийг бий болгожээ.
-НАМЗХ өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийгэмд яг юу бүтээв?
-Бид нийгэмд үнэ цэнийг бүтээсэн. Өнөөдөр сошиалаар хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь элбэгшсэн. Тэгвэл улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагаар хүмүүжсэн хүмүүс ачаа дааж сурдаг, хүнээс үг сонсож, зэмлүүлж сурна, бичиг цаас боловсруулж сурдаг. Товчхондоо төрийн ажилд сайн бэлтгэгддэг. Сошиалыг дагаад мэдээлэл хурдан хүрдэг болохоор “Үнэн гутлаа өмсөж байхад худал уул даваад явж байна” гэдэг шиг үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мянган мэдээлэл дундаас зөвийг нь, өөрт хэрэгтэйгээ шүүн тунгааж, эрэгцүүлж чаддаг болсон байна, манай залуус. Өнгөрсөн хугацаанд НАМЗХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд төдийгүй 60 гаруй УИХ-ын гишүүн төрөн гарчээ. Төрийн гурван өндөрлөг л гэхэд манай холбоог нэгэн цаг үед удирдаж явсан хүмүүс. Энэ хүмүүс Монголын хөгжил цэцэглэлтэд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж явна. Коронавирусийн цар тахлаас үүдээд бид 21 аймаг, 330 сумын салбар зөвлөлүүдээ цахимжууллаа. Цахимаар хурал цуглаан, сургалт зохион байгуулж, гишүүдээ урт болон богино хугацааны сургалтуудад тасралтгүй хамруулж чадлаа. Мөн НАМЗХ нь дэргэдээ Нийгмийн ардчилал залуучуудын академи, Нийгмийн ардчилал залуучуудын сан, Нийгмийн ардчилал залуучуудын институт, Залуу хуульчдын клубүүдийг байгуулж, үүгээрээ дамжуулан олон төрлийн сургалт явууллаа. Өнөөдөр манай салбар зөвлөлийн гишүүд аль ч аймгаас бидэнтэй онлайнаар холбогдоод үзэл бодлоо илэрхийлж, цахимаар сургалтад хамрагдах боломжтой болсон. Хоёрдугаарт, залуучуудын дунд өрсөлдөөн бий болгож, түүнийг нь бодитоор үнэлэхийн тулд НАМЗХ аппликейшн нээж, рояалти оноогоор дүгнэж байна. Ингэснээр үйл ажиллагаанд оролцож буй гишүүдээ бодитоор үнэлэх боломжтой болж байгаа.
-Удахгүй 25 жилийн ой болно. Ойн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Ойн хүрээнд долоон ажлын хэсэг гарч, зохион байгуулалтын арга хэмжээ авахаар ажиллаж байна. Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн сувилагч нарын өрөөг тохижуулахаар болоод эхнээсээ ажил хэрэг болгоод явж байгаа. Хүнд хүчир цаг үед ажиллаж буй сувилагч нарын ажлын байр, амрах өрөөг нь тохижуулахаар ажиллаж байна. Төв холбооноос ямар нэгэн санхүүжилт байхгүй. Тухайн орон нутаг, дүүргийн НАМЗХ-нд гишүүнчлэлтэй залуучууд нэгдэж, хандиваа цуглуулаад түүгээрээ сувилагч нарын өрөөг тохижуулна. Энэ бол 25 жилийн ойгоо угтан нийгмийн салбарт хийж буй томоохон ажлуудын нэг юм. Одоогоор зургаа, долоон эмнэлгийн сувилагчийн ажлын байр, амрах өрөөг тохижуулсан байна. Цаашлаад “Хүний эрх ба залуучуудын оролцоо” үндэсний форум зохион байгуулна. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. МАН 30 дахь Их хурлаараа “Хүний эрхийг дээдэлсэн нам байна” гэдгээ тунхагласан. Тэгэхээр хүний эрхийг хамгаалах чиглэлээр залуучууд оролцоогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулна. Ялангуяа ирж яваа цагийн залуусын эрхийг хамгаалах, тэдэнд хүний эрхийн талаар мэдрэмжтэй байх зэрэг ойлголт өгөх нь бидний үндсэн зорилго юм. Хамгийн том агуулга нь зөвхөн НАМЗХ бус бусад залуучуудын байгууллагуудыг нэгтгээд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж, буруу зөрүүг хэлэлцье гэж байгаа юм. Улс төрийн дэргэдэх залуучуудын байгууллага сонгуулийн үед намынхаа төлөө явна биз. Бусад цагт нь нэгдэж чаддаг байхыг уриалж байна. Учир утгагүй улстөржилтөөс ангид байхын тулд нэгдэх хэрэгтэй гэсэн зарчмыг баримталж явна. Мөн “Монгол тандаа зүтгэе” гээд холбооныхоо сүлд дууг шинэчилнэ.
-МАН-аас социал демократ үзэл баримтлалыг чиглэлээ болгож байна. Тэгвэл үүнийг дагаад НАМЗХ нэрээ солих нь уу гэсэн яриа сонсогдож эхэлсэн. Анх байгуулагдахдаа социалист залуучууд байсан бол дараа нь ардчилсан болсон. Харин социал демократ болж нэрээ солих уу. Үүнд хариулт өгөх боломжтой юу?
-МАН 30 дахь Их хурлаараа дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Монгол Ардын Нам нь эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн социал демократ үзэл баримтлалтай улс төрийн байгууллага мөн хэмээн тусгасан. Үүнийг түгээн дэлгэрүүлэх ажлыг дүрмийн хүрээнд хийсэн учраас нам болон намын дэргэдэх төрийн бус байгууллагууд тус үзэл санааг түгээх үүрэгтэй. Шууд өнөө маргаашийн дотор социал демократ гэсэн нэршилтэй болохгүй. Боллоо гээд нийгэмд ч хүрэхгүй. Харин хүргэхийн тулд алхам алхмаар урагшилна. 25 жилийн ойгоо хийсний дараа Социал демократ Монголын залуучуудын холбоо гэсэн нэрийг аваад явах шаардлага тулгарч байна. 2016 оноос хойш социал демократ бодлогыг МАН-ын үүсгэн байгуулсан Засгийн газар өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, анх удаа байгалийн баялгаа ард түмэнд хуваарилсан. Иргэн бүрдээ 1072 хувьцаа өглөө, байгалийн баялгийг тэгш хүртээлээ. Энэ бол социал демократ үзэл баримтлалын нэг жишээ.
-Сүүлийн асуултыг танд үлдээе. Магадгүй хэлэхийг хүссэн зүйл байж болох юм?
-МАСЗХ-ноос НАМЗХ хүртэлх өнгөрсөн хугацаанд зургаан их хурал хийж, долоон ерөнхийлөгчийн баг ажилласан энэ том холбооны үе үеийн удирдлагууд, түүний баг хамт олон, гишүүддээ, 25 жилийн баярын мэнд хүргэе. Залуучууд бид нэгнээ хүлээн зөвшөөрдөг, өөрсдөө оролцдог нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа урагшилъя, тэмүүлье. Өнгөрсөн хугацааны түүхийг давтахгүйгээр ирж яваа залуучууддаа сайхан Монгол Улсыг хүлээлгэж өгөхийн тулд нийлье, нэгдье гэж уриалмаар байна.
Эх сурвалж: Монголын Үнэн