УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав. Төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох зохицуулалт тусгасан байна.
Түүнчлэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулсан бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох журмыг Төрийн албаны зөвлөл батлахаар оруулсан байна. Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болохоор, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор, төрийн захиргааны албан тушаалд тавигх тусгай шаардлагын хугацааг бууруулах зэрэг асуудлыг төсөлд тусгасан гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалтантай хэрхэн дүйцүүлэхээр тусгасныг тодрууллаа.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, “ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын баг 11 аймаг, яам, агентлагуудын ажилтай танилцсан. Олон жил яригдсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалтантай хэрхэн адилтган дүйцүүлж болох вэ гэсэн асуудлыг судалсан. 2800 албан хаагч удирдаж байсан их сургуулийн захирал төрийн захиргааны төв байгууллагад хэлтсийн даргаар ирэхэд хүндрэлтэй байна. Орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн эмч буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан төрийн захиргааны албан тушаалыг хашихад адилтгаж болдоггүй, шилжиж болдоггүй бэрхшээлүүд байна. Энэ харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд өөрчлөлт тусгасан. Түүнчлэн НҮБ болон олон улсын байгууллагын сонгон шалгаруулалтын босгыг даван үр дүнтэй ажиллаж байгаа олон хүн байдаг. Энэ иргэдийн ажилласан жилийг төрийн захиргааны зарим албан тушаалтай дүйцүүлэн тооцох зохицуулалтыг тусгасан” гэсэн хариултыг өгсөн.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.