Пүрэв гарагт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг айлчилж байх үед Оросын талаас Украины нийслэл Киев хотод агаарын цохилт өгсөн байна.
Уг ажиллагаа нь Оросын цэрэг Киев орчмоос ухарснаас хойш өгсөн хамгийн хүчтэй довтолгоо болжээ.
Пуужингийн дэлбэрэлтийн үеэр нэг хүний амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна. Тэдгээрийн зарим нь цохилтод өртсөн хоёр барилгын нурангид дарагджээ.
Довтолгооноос ердөө нэг цаг орчмын өмнө НҮБ-ын тэргүүн, Украины ерөнхийлөгч нар хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.
Антонио Гутерреш болон түүний багийнхан аюулгүй байдалд байгааг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч сүүлд мэдээлжээ.
“Намайг байх үеэр Киев хотод хоёр пуужин дэлбэрсэн тухай сонсоод би ихэд цочирдлоо. Энэхүү аймшигт дайныг дуусгах, дуусгах шийдлийг олох нь бидний хувьд маш чухал болоод байна” гэж Гутерреш хэлсэн байна.
Тэрбээр энгийн иргэд дайны гэмт хэргийн хохирогч болсон Буча тосгоны нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм.
“Дайн хаана ч болсон хамгийн том хохирогч нь энгийн иргэд байдаг” гэж Гутерреш энэ үеэр харамсал илэрхийлсэн байна.
Өчигдөр бас Украины бусад хотуудад ч агаарын цохилт өгсөн тухай мэдээлжээ.
Тухайлбал баруун бүсийн Полинье, Беларусийн хилийн ойролцоох Чернихов, Киевээс баруун өмнөд зүгт оршдог төмөр замын гол зангилаа Фастив зэрэг хот сууринууд агаарын цохилтод өртсөн байна.
Одесса хотын захирагч Оросын талаас харвасан пуужингуудыг замд нь аюулгүй болгосныг мэдээлжээ. Мөн Мариуполь хотод Оросын цэргийн эсрэг тулалдаж буй Украины цэргийн сүүлчийн түшиц газар болох Азовсталь үйлдвэр агаарын цохилтод өртсөн байна.
Эх сурвалж: Associated Press