Засгийн газрын хуралдаанаас БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ. Тухайлбал, сүүлийн хоёр жил цар тахлын улмаас аялал жуулчлалын орлого багассан. Иймээс аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө.
КОНЦЕССЫН ГЭРЭЭ ЦУЦЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
НЭМЭЛТ: 09.30 ЦАГ
Засгийн газар өнөөдөр (2022.05.04) ээлжит хуралдаанаар:
– Хаягийн мэдээллийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
– Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
– Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
– Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,
– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлын хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах, Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн билээ.