Эрээн хотод хөл хорио тогтоосонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдтой цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Эрээн хотод хөл хорио тогтоосноос хойш халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
-Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө COVID-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсан. Иймд тус хотод энэ сарын 2-оос хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Энэ шийдвэрийг Эрээн хотын Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас гаргасан. Уг мэдэгдэл гарснаас хойш өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын 34 тохиолдол батлагдсан. Эрээн хотод батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлалтад авсан. Мөн тус хотын тусгаарлах байрны хүрэлцээ багатай байгаа тул тусгаарлах шаардлагатай иргэдийг ойр хотууд руу шилжүүлэн тусгаарлах арга хэмжээ авч байна гэсэн мэдээлэл байна.
-Хатуу хөл хориог хэр удаан хугацаанд тогтоох бол. Энэ талаар тодорхой мэдээлэл бий юу?
-Та бүхэн санаж байгаа бол 2021 оны аравдугаар сарын 11-нд Эрээн хотод COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоож байсан. Тухайн үеийн арга хэмжээ нь 21 хоног үргэлжилж, аажмаар хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан. Өнөөдрийн байдлаар Эрээн хотод 54 хороолол буюу манайхаар хороонд хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Тиймээс хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжлэх болов уу гэж харж байна.
-Хятадын талаас Монгол Улсад халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх тухай шаардлага, зөвлөмжийг өгсөөр байсан. Өнгөрсөн хугацаанд Монголын талаас COVID-19 халдварын тохиолдол жолооч нараас зөөвөрлөгдөж бүртгэгдсэн тохиолдол цөөнгүй. Сүүлд Эрээн хотод бүртгэгдсэн Covid-19 халдварын дөрвөн тохиолдол Монгол Улстай холбоотой юу?
-Албан бус эх сурвалжийн мэдээллээр Эрээн хотод сүүлд бүртгэгдсэн COVID-19 халдварын дөрвөн тохиолдол Монгол Улсаас зөөвөрлөгдөөгүй. Учир нь тэг цэгийн чингэлэг солилцох талбайд солилцоо хийх тээврийн дэглэм мөрдөж тул хүн хоорондын харилцаа үүсэхгүй, халдвар дамжих нөхцөл үндсэндээ байхгүй болсон. Замын-Үүд-Эрээн авто замын боомтод халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд мөрдөж тээвэрлэлт явуулж буйг та бүхэн мэднэ.
Эрээн хотын дотоодод гарч буй албан бус мэдээллээс харвал нутгийн гүнээс ирсэн хүнсний ногооны жимсний сав баглаа боодлоос COVID-19 халдвар дэгдсэн байх магадлалтай.
Халдварын эх үүсвэрийн тухай албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Эрээн хотын Ардын Засгийн газраас одоогоор албан ёсоор мэдэгдсэн зүйл алга байна.
-Өнөөдрийн байдлаар Хятадын талаас Монгол Улсын хилээр нэмэлт бараа нэвтэрч байна уу. Хилийн нөхцөл байдал ямархуу байна?
-Эрээнд хатуу хөл хорио тогтоосон учраас өргөн царигийн галт тэрэгт бараа, бүтээгдэхүүн ачих ачилт энэ сарын 2-оос зогссон. Монголын талаас өнгөрсөн хугацаанд өдөрт 70 чингэлэг хүлээн авдаг байсан. Үүний 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногоо бөгөөд эдгээрийг Эрээн хотын “Хао Ган” терминалаас ачиж байсан үйл ажиллагаа мөн зогсоод байна.
Түүнчлэн Эрээний Монгол руу ачаа тээвэр нэвтрүүлдэг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайн ачилт зогссон байдалтай байна. Эрээнд Covid-19 бүртгэгдсэн зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар 300 гаруй чингэлэг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайд байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Эдгээр чингэлэг гарч дуустал хилийн боомт хэвийн үргэлжлэх болов уу гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна.
-Тэгэхээр жимс, нарийн ногооны хомсдол дахин үүсэх эрсдэлтэй гэсэн үг үү?
– Монгол Улсын хувьд жимс, хүнсний болон нарийн ногоо импортын бүтээгдэхүүнээс хараат. Тиймээс бид эхний ээлжид нарийн ногоо, жимсний тээвэрлэлт хийдэг ажилчдыг тусгаарлаж ачилт хийж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн чингэлэг солилцоог тасралтгүй үргэлжлүүлэх гарцыг эрэлхийлж, айлын талтай ярилцаж байна.
Замын-Үүд-Эрээн авто замын боомтод чингэлэг солилцох тээвэрлэлт эхлүүлэхэд хятадын талд 170 гаруй төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдыг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайн тусгаарлалтын байранд тусгаарлаж Эрээний талтай шууд харьцаа үүсгэхгүй тээвэрлэлт хийж эхэлсэн. Эрээн хотын дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэхээр “Хуан Юй” талбайд ачаа орж ирэхгүй нөхцөлд эдгээр хүмүүс ажилгүй тусгаарлалтад байна гэж ойлгож болно.
-Хилийн боомтуудын нөхцөл байдал ямархуу байна. Тээвэрлэлт хэвийн байгаа юу?
-Эрээн хот анх хөл хорио тогтоож бүх зүйл зогсож хаагдаж байсан шиг нөхцөл байдалд хараахан ороогүй байна. Өдөрт дунджаар 30-40 чингэлэг татан авч байна. Дээр нь овор хэмжээ ихтэй Тяньжинд гацсан ачааг татан авах ажлыг тавдугаар сараас эхлүүлсэн.
Сүүлд БНХАУ-д үндэсний “Луут завины баяр” зургадугаар сарын 3-нд болж бүх нийтээр амарч, 4-ний өдрөөс чингэлэг солилцох тээвэрлэлт бага хэмжээгээр хийгдэж эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 70 чингэлэг хилээр нэвтэрч байсан нь бол энэ сарын 4-ний өдрөөс хоёр дахин буурч 30-40 гаруй чингэлэг хилээр орж ирж байна. Бодит нөхцөл байдал ийм байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Хятадын хил дээр төмөр замын нэг боомт, Замын-Үүд Эрээн, авто замын таван боомт хэвийн ажиллаж байна. Үүнд,
- Булган
- Шивээхүрэн
- Гашуунсухайт
- Ханги
- Замын-Үүд
- Төмөр замын нэг гээд нийт зургаан боомт ажиллаж байна.
Шивээхүрэн боомтын тухайд Хятадын талтай удаан хугацаанд ярилцсаны эцэст тавдугаар сарын 25-аас нээсэн. Чингэлэгтэй нүүрсний экспорт хийж байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 70 тээврийн хэрэгсэл 280 чингэлэг нүүрсийг тус боомтоор гаргаж байна. Шивээхүрэн боомтын экспортын үйл ажиллагаа сэргэсэн. Цаашид тус боомтоор экспорт хийдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэх байх гэсэн өөдрөг хүлээлттэй байна.
Гашуунсухайт боомтын хувьд Засгийн газрын шийдвэрээр ногоон бүс болгосон тул хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Хууль хүчний байгууллагын бүрэн хяналтад байгаа тул өдөрт дунджаар 400 тээврийн хэрэгсэл 1,600-1,700 чингэлэг тээвэрлэж байна. Мөн Булган, Ханги боомт хэвийн ажиллаж байна. Энэ оны сүүл хагаст Бичигт боомт нээгдэх болов уу гэсэн хүлээлт бий.
Цаашид Монгол Хятадын хэлэлцээрийн дагуу авто замын 12 боомтын бусад хаалттай байгаа боомтуудыг нээж ажиллах яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна.
-Гадаад Харилцааны Яам хилийн боомтуудын гацааг тайлж нэвтрэх гарцыг нэмэгдүүлэхэд ямар бодлого шийдвэр гаргаж байна. Хятадын талтай тохиролцоонд хүрч байгаа юу?
-Хятадын талтай дипломат шугамаар бүх түвшинд харилцан ажиллаж байна. Үр дүнд нь өнгөрсөн 45 хоногийн хугацаанд Тяньжинд гацсан байсан 7,000 орчим чингэлгээс 4,000 гаруй чингэлэг татан авч, Тяньжин дахь чингэлгийн тоо 3,000 болж буурсан нааштай үр дүн гарч байна.
Дээр нь Монголд COVID-19 халдвар дэгдсэн ч БНХАУ-тай хиллэж буй бүх боомт өнгөрсөн хугацаанд хаагдаагүй. Улс хоорондын тээвэрлэлт л түр зогссон асуудал үүссэн.
Гадаад харилцааны яам хилийн асуудлаар Хятадын талтай байнгын холбоотой бүх түвшинд яриа хэлэлцээ явуулж байгаа. Үр дүнд нь бүх хилийн боомт тэг зогсоогүй өдий хүрсэн.
-Сүүлд Хятадын талаас COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй долоо хоног тутамд нүүрс тээврийн ачааг 30-аар нэмэгдүүлэхээр болсныг Засгийн газар мэдээлсэн. Одоо Эрээн хот хөл хорио тогтоолоо. Уг шийдвэр хүчинтэй юу?
-Бэлтгэл хангаж байсан. Харамсалтай нь БНХАУ-ын Эрээн хотод COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Хатуу хөл хорионы хугацаа дуусвал хэвийн байдалдаа эргэн ороход цаг хугацаа шаардлагатай. Ард иргэдэд хандаж хэлэхэд хилийн боомт бол хоёр улсын хамтын үүд хаалга бөгөөд Хятадтай талтай зөвшилцөж, тохиролцсоны үндсэн дээр хэвийн ажиллагаатай байдаг. Эрээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах хатуу хөл хорио хэрэгжүүлж буйг бид бүхэн зөв талаас нь харж ойлгож, хүлээцтэй хандах нь зүйтэй.
Эх сурвалж: ГХЯ