Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороололд буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийн сууринд өмнө нь Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байжээ. Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байв.
Тэрбээр “Би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй. Мөн анхны долоогийн нэг Д.Бодоо, С.Данзан зэрэг язгууртнуудыг энд хорьж, эрүүдэн шүүсний эцэст Шархаданд аваачин бууджээ.
Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан гэдэг. Харин 1992 оноос тус барилгыг худалдааны зориулалтаар ашиглаж байжээ. Гэвч 2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, түймрийн дараах тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тус газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар ажиллалаа.