Владимир Путины Украинд хийсэн дайны орлогын гол эх үүсвэрийг хязгаарлах талаар хатуу арга хэмжээ авах шийдвэр хараахан гараагүй байгаа. Гэхдээ “Их-7” Оросын нефтийн үнийг хязгаарлах хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэж АНУ-ын албаны хүмүүс Даваа гаригт мэдэгдэв.
Баварийн Альпийн нуруунд гурван өдрийн турш хуралдаж буй “Их-7”-гийн гол сэдэв Оросын дайн ба эрчим хүчний үнийн өсөлтөөс олох ашгийг хязгаарлах тухай аж. “Bloomberg News” Ням гаригт “Их-7” үнийн дээд хязгаарыг хэлэлцэж байгаа бөгөөд даатгал, тээвэрлэлтэд хязгаар тогтоох замаар боломжит механизм ажиллах болно гэж мэдээлэв.
АНУ, Италийн хэлэлцээнд оролцогчид Хятад, энэтхэг зэрэг томоохон худалдан авагчдын нефтийн эрх ашгийг боолгүйгээр Орос руу ирэх их хэмжээний мөнгөний урсгалыг хаах талаар судалж байгаа аж. Үнийн дээд хязгаарыг хэрхэн тогтоох, ямар төвшинд аваачих талаар нарийн ширийн зүйлийг энэ удаагийн уулзалтаар шийдэхгүй нь.
“Их 7”-гийн удирдагчид Сангийн сайдуудаа ойрын хэдэн долоо хоногт хуралдаж, төлөвлөгөө гаргахад чиглүүлнэ гэж Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан хэлэв. ОХУ-ын нефтийг тээвэрлэхэд шаардагдах даатгал болон бусад үйлчилгээнд хориг тавих замаар дээд хязгаарыг хэрэгжүүлэх боломжтой гэж АНУ санал болгожээ.
Эх сурвалж: BLOOMBERG