УИХ-ын хаврын чуулганаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тагнуулын ерөнхий газрын харьяанд байсан Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний бүтцэд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийн тушаалаар Цэргийн тагнуулын газрын даргаар Хошууч генерал А.Ганбатыг томилсон байна.
А.Ганбат нь 2019 оны гуравдугаар сард ЗХЖШ-ын даргаар томилогдож, мөн оны есдүгээр сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.
Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд төрсөн, 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.
Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хаажээ.
Мөн,
- Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч,
- БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер
- Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга
- Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч
- ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч
- БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга
- ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга
- Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга
- ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга
- Ерөнхий зориулалтын цэргийн командлагч
- Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ.
Түүнд 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртээсэн байна.