‘УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан’ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор болсон байна.
Шүүх хурлын үеэр тэрбээр “Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг цахимаар ялладаг процесс Монголд үүссэн байна. Надад үүсээд байгаа энэ хэрэг дээр цагдан хорих шаардлагагүй гэж би ойлгосон. Хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Заавал цагдан хорих шаардлагагүй. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахим орчинд зохион байгуулалттайгаар маш их сэвж, шүүх рүү хүртэл дайрч байгаа.
Миний бие эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ хотод амьдардаг. Ээж, аав маань хөдөө байдаг. Би УБТЗ-д 14 жил ажилласан. Намайг оргон зайлж, нисэх дээр явж байна гэсэн яриа гарсан байна лээ. Оргон зайлах асуудал байхгүй. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл, шүүхийн шийдвэр гарах хүртэл хүсэлтээ өгөх болно. Би залуу хүн, цаашдаа ч энэ асуудлыг шийдэхийн төлөө явна.
Би дөрвөн хүүхэдтэй. Миний том охин 13 настай, бага маань гурван настай. Дөрвөн хүүхэд маань дөрвүүлээ хатгаа, ханиад туссан байна. Цахим орчин дахь мэдээллийг хараад охин маань сүүлийн 2-3 хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтсэн.
Би охиныхоо сэтгэл зүйн байдалд маш их санаа зовж байна. Миний охиныг ангийнхан нь янз янзын группээс нь хассан байна лээ. Охин маань одоо шилжилтийн насан дээрээ явж байгаа. Хүүхдүүдээ ийм байдалтай үлдээгээд явна гэдэгт санаа зовж байна. Ийм учраас хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна” хэмээн хэлжээ.