Коронавирусийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, эмч, эрүүл мэндийн салбарынхан ачаалал ихтэй ажиллаж байна. Тиймээс Монголын Эрүүл мэндийн Ажилтны ҮЭХ-ны санаачлагаар нийтдээ 18 эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудад 25 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүн гардуулах хандивын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Үүнд шүүлтүүртэй N95 маск, нэг удаагийн бээлий, үхэр, хонь, тахианы мах, гурил, будаа, ургамлын тос зэрэг нийт 1650 кг хүнсний болон дархлаажуулах бүтээгдэхүүний 1040 багц бүхий 20 мянган ширхэг бүтээгдэхүүн багтжээ.
Хандивыг Монголын ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар болон бусад албаны хүмүүс өнөөдөр эрүүл мэндийн байгууллагынханд гардууллаа. Энэ аянд ‘COVID-19’ цар тахлын эсрэг тэргүүн фронтонд түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах ажлыг гардан хийж гүйцэтгэж байгаа Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Багануур, Налайх дүүргүүдийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг болон зарим өрхийн ЭМТ-үүд хамрагдсан бол цар тахал голомтлон гарч эмч, ажилтнууд олноороо тусгаарлагдан ажиллаж буй Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Мандал сумын ЭМТ, өрхийн эмнэлгүүдэд дахин ариутгах зориулалттай комбинзон, амны хаалт N95, эмнэлгийн бээлий болон дархлаажуулах багцуудыг илгээлээ.
Ийнхүү Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-ныхон Монгол Улсад цар тахал бүртгэгдэх үед ЭМЯ-нд 25.9 сая төгрөгийн хамгаалалтын хэрэгсэл болон мөнгөн тусламж үзүүлж байсан бол энэ удаад халдвар дотоодод бүртгэгдэж, байдал хүнд байгаа хүнд салбарынхандаа хэрэгцээт зүйлсээр туслах хандивын аян зохион байгууллаа.
Цаашид хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллыг хууль тогтоомжид зааснаас илүү нөхцлөөр олгох, ‘Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрсдлийн даатгалд хамруулах асуудлыг шийдвэрлэх, хамгаалах хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллана гэдгээ МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар онцоллоо.