Эстони улсын Таллин хотод 2024 оны гуравдугаар сарын 4-9-ний хооронд “Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ болж өндөрлөсөн юм. Тус тэмцээнд Ази тивээс Монгол Улсаа төлөөлж СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсийн оюутан А.Эрмүүн оролцож алт, мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Мөн 93-р сургуулийн сурагч, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Содбаярын Мөнх-Оргил 25м болон 50м-ийн мэлхий сэлэлтээр хос мөнгөн медалийн амжилт үзүүлсэн байна.
Шавийн эрдэм багшаасаа гэдэг үг бий. Тэднийг дасгалжуулсан багшийг Ш.Даваадорж гэдэг. Түүний хувьд өвлийн усанд сэлэлтийн ОУХМ цолтой юм. ОУХМ дасгалжуулагч Ш.Даваадорж Өвлийн усанд сэлэлтийн спортоор дэлхийн 46 улсад очиж 100 гаруй тэмцээнд оролцохдоо 200 гаруй алт мөнгө хүрэл медаль хүртэн, 2019 оны Дэлхийн чансааны нэг болж байжээ. Мөн түүний 10 настай зээ охин Цэнгүүн нь өнгөрсөн жилийн өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д түрүүлсэн байна.
ОУХМ дасгалжуулагч Ш.Даваадорж: “Шавь нарынхаа техникийг Баянгол дээрээ бэлдээд тэгээд харзны усанд оруулаад хүйтний тэсвэр суулгадаг юм. Хамгийн энгийн жишээ нь бэлтгэл хийхээсээ өмнө дараа нь хүйтэн усанд хоёр минут зогсдог. Эхлээд зогсож чадахгүй байсан. Крантны хүйтэн ус гэж яриад байгаа боловч үнэн хэрэгтээ 12 градус юм. Харзны ус 5 байдаг. Сая оролцсон тэмцээний ус 1.7 байсан. Харзны уснаас хүйтэн гэсэн үг. Тухайн тэмцээнд 40 улсаас 1500 гаруй тамирчин оролцсон. Мөн удахгүй энэ төрөл өвлийн олимпын төрөлд орох боломжтой юм. Монгол улс оршин тогтнож байгаа тохиолдолд энэ далбааг мандуулаад л байвал гоё шүү дээ. Шавь нар минь медаль авна гэдэг багш нь авсантай ялгаагүй их баярлана даа” гэсэн юм.