2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилготой эрт илрүүлгийн үзлэг Говь-Алтай аймагт 41,1 хувьтай байна
Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамрагдвал зохих 58496 иргэнээс одоогийн байдлаар 28000 иргэн хамрагдсан тухай Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Батбаяр танилцууллаа. Тэрбээр цааш хэлэхдээ, Эрт илрүүлэгт үзлэг шинжилгээгээр иргэдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, дотоод шүүрэл бодисын солилцоо, шээс бэлгийн замын тогтолцоо, зүрх судасны өвчин, амьсгалын тогтолцооны өвчлөл зонхилон тохиолдож байна. Тодруулбал, 17 хүртэлх насныханд шүдний өвчлөл, 18-30 насныханд шээс бэлгийн замын тогтолцоо, 31-45, 46-60 насныханд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл, өөрчлөлтүүд зонхилон тохиолдож байгаа тухай нэмж мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулж байгаа юм.