Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин үүсчээ. Тиймээс Нийслэлийн Захирагчийн ажлын албаны өгсөн чиглэлийн дагуу шуурхай бригадынхан газар дээр нь ирлээ. Шуурхай бригад хоёр экскаватор, хүн хүчтэйгээр ажилдаа орж 400 мм голчтой суваг татах, мөсийг доош нэг метр орчим буталж, сувагчлах арга хэмжээ авахаар ажиллав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн шуурхай бригад арваннэгдүгээр сарын 13-наас хойш нийт таван дүүргийн есөн хорооны халиа дошинг сувагчилж арга хэмжээ авлаа.