Зээлээ төлөөгүй тохиолдолд 90 хүртэл хоногийн хугацаанд ангилал буурахгүй
Kоронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын үед банк бус санхүүгийн байгууллагуудад хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Санхүүгийн зохицуулах хорооны 24-р хурлаар хэлэлцээд ‘Банк бус санхүүгийн байгууллагуудын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам’-д оруулсан өөрчлөлт буюу зээлдэгч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, шинэчлэн байгуулах, зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд 90 хүртэл хоногийн хугацаанд ангилал буурахгүй байх нөхцөлийг Хорооноос 2020 оныг дуустал бүрдүүлээд байсан бол энэхүү хугацааг 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сунгахаар шийдвэрлэлээ. Мөн “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлсон журам”-ыг баталлаа. Ингэснээр үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулагдаж салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөхөд, гишүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг эрхлэн явуулах боломж бүрдэнэ. Хороо нь журамд заасан нөхцөл, шаардлага хангасан мэргэжлийн нэг холбоотой хамтран ажиллах бөгөөд холбооны гишүүнчлэл, удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд тавигдах шалгуур, үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг дээрх журмаар зохицуулна.
Мөн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам’-ын хүрээнд 11 компанид, ‘Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам’-ын хүрээнд 7 компани, 4 хуулийн этгээдэд харин даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, гадаад валютын арилжаа, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олгохоор шийдвэрлэлээ.
Түүнчлэн хоёр хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх болон тусгай зөвшөөрлийнх нь хугацааг сунгахаар шийдвэрлэсэн юм. Үүний зэрэгцээ “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт’-д нэмэлт өөрчлөлт оруулахын сацуу “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”-д түр хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.