-Үндэсний бодлогын хорооны хурал энэ сарын 17-нд, үүний дараа намын их хурлаа хийх гэж байна. Энэ нь дүрмийнхээ хүрээнд явж чадаж байна уу? Нууц биш бол ямар асуудал хэлэлцэх вэ?
-ҮБХ гэдэг бол намын эрх барих дээд байгууллага. ҮБХ-ны хурлыг зарлах эрх нь намын даргын эрх, үүрэг эдэлж байгаа хүнд байдаг. Тэр дагуу миний бие энэ сарын 17-ны өдөр ҮБХ-ны хурлыг зарлаад байна. Энэ хурлаар намын их хурлаар хэлэлцэх асуудал, редакц, тооллогын комиссыг батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр зарласан.
Ийм үед намын хуучин удирдлагуудын зүгээс ҮБХ-ны гишүүд рүү “Намын цахим хурлыг битгий дэмжээрэй” гэж ярьж байна. Зарим ҮБХ-ны гишүүдэд “мөнгө өгье” гэж хүртэл хэлсэн байна. Энэ тухай манай гишүүд над руу утастаж хэллээ. Үүнд л их харамсаж байна.
Ингэж ярьж байгаа хүмүүс өмнө нь ‘Наймдугаар сарын 16-ны өдөр намын даргын сунгааг явуулъя. Наймдугаар сарын 22-ны өдөр одоогийн ҮБХ-ны гишүүдийг ротацид оруулъя’гэж ярьж явсан хүмүүс шүү дээ. Тэгэхдээ маш олон суудалд буюу ҮБХ-ны 340-өөд гишүүдийн суудалд ротаци явуулъя гээд сонгуулийг нь зарлаад явж байсан хүмүүс эргэж яриад та бүхэн цахим хурлыг ‘эсэргүүцээч, хойшлуулаач’ гээд яриад явж байгаа нь үнэхээр зохисгүй, ёс зүйгүй үйлдэл болж байна гэж харж байна. Намын амьдрал бол өдөр тутам үргэлжлээд явах ёстой. Энэ хугацаанд гаргасан бүх шийдвэр, үйл ажиллагаа ганц ч дүрэм зөрчөөгүй. Бүгд баримттай нотолгоотой явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье.
-АН-ын их хурал 18, 19-нд хуралдах гэж байна. Энэ их хурлаар гол ямар асуудлыг шийдэх вэ?
-Намын их хурал чухал нэг л асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл, намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг шийдвэрлэнэ. Түүнээс биш одоогийн ярьж байгаа шиг дарга, цэргийн асуудал хэлэлцэхгүй. Эсвэл Ц.Туваан цаашдаа намын дарга болоод явах асуудлыг шийдэхгүй. Энэ дашрамд нэг зүйлийг нэмээд хэлэхэд миний бие намын дараагийн дарга болохгүй. Дүрмээрээ хариуцлага хүлээх хүний нэг учраас үүнийг албан ёсоор хэлье.
-Та намаа ялагдсаны дараа хүнд үед нь намын даргын үүрэг гүйцэтгэгчийн албыг хүлээж авсан. Ямаршуухан нам хүлээ авав даа?
– Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь ч хэлсэн. Одоо ч хэлье өөрийн гэсэн байргүй. Маш их өртэй. Дээрээс нь ямар ч эд хогшилгүй нам хүлээж авсан. Шуудхан хэлэх юм бол гэрээсээ хөөгдөөд гарч байгаа хүн шиг л бид гудманд гарсан. Яг ийм байдалтай л өгсөн. Үүнийг манай намын гишүүд, ҮБХ-ны гишүүд бүгдээрээ мэдэж байгаа. Тухайн үед болсон ҮБХ-ны хурал дээр ч гэсэн маш олон гишүүд энэ байдлыг ярьж, хэлж байсан. Биднээс татвар гэж авсан мөнгө хаашаа оров. Аудитын дүгнэлт, тайлан хаана байна гэдэг олон асуудлуудыг тавьж байсан. Энэ бол бодит үнэн. Ийм намыг хүлээж авсан.
(Хэвлэлд өгсөн ярилцлагаас…)