Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 6-нд дуусна.
Өчигдөр ЭМЯ, МХЕГ, ОБЕГ зэрэг мэргэжлийн 11 байгууллага өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсэн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар нийт хүн амын дунд өргөн хүрээнд тархах эрсдэл маш өндөр байгаа учраас хатуу хөл хорио буюу Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг Улаанбаатар хотод үргэлжлүүлэн 14 хоног сунгах саналыг Улсын онцгой комисс /УОК/, Засгийн газарт хүргүүлснийг эх сурвалж мэдээлэв.
Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос гадна хүн амын дундаас эх уурхай нь тодорхойгүй халдварын хэд хэдэн голомт бүртгэгдэж байгаа нь хамгийн том аюул болоод байгаа аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 450 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан бямба гаригт мэдээлэл хийх үеэрээ “Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногийн дотор хүн амын дундаас эх үүсвэр нь тодорхойгүй 18 тохиолдол гарч ирлээ. Цаашдаа хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байна. Тиймээс хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр байгаа гэсэн юм.
Өнөөдөр УОК, Засгийн газар хуралдаж, нийслэлд тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.