БНХАУ-ын умард хэсгийн Хэбэй мужид цар тахлын тархалтыг тогтоон барих гэсэн тэмцэл дайны байдалд шилжлээ хэмээн албан ёсны эх сурвалж өчигдөр/2021.1.5/ мэдээлжээ. Учир нь Бээжин хотыг тойрон оршдог тус мужид сүүлийн зургаан сар гаруйн хугацаанд анх удаа дотоодод халдвар алдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Хэбэй мужид энэ сарын 2-4-ний хооронд дотооддоо халдвар авсан 17 батлагдсан тохиолдол, 40 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Уг нь тус нутагт дотоодын халдвар 2020 оны зургадугаар сараас хойш бүртгэгдээгүй байжээ. Нэгдүгээр сарын 4-нд орон даяар халдварын 33 шинэ тохиолдол бүртгэгдсэний 17 нь Хэбэй мужид бүртгэгдсэн бол 16 нь гадаадаас ирсэн хүмүүсээс илэрсэн гэнэ.
Мужийн захиргааны Hebei Daily агентлаг мужийг дайны байдалд шилжлээ хэмээн зарласан бөгөөд энэ нь мөрдөн байцаах багийнхан мужийн хэмжээнд бүх хот, бүх дүүрэгт тархан байрлаж, батлагдсан тохиолдлуудын хавьтагчдыг олж тогтоон, хянана гэсэн үг аж. Тэгэхдээ мужийн нийслэл Шижиажуан хотын Гаочен дүүргийн бүх байнгын оршин суугчдыг шинжилгээнд хамруулж, нэг хотхоныг тусгаарлан хөл хорих гэнэ.
Хэбэй муж нийслэл Бээжин хотыг хүрээлэн оршдогоос гадна цааш орон даяар халдвар тараахгүй байх тал дээр асар чухал ач холбогдотой газар тул эрх баригчид ийнхүү онцгой анхаарал хандуулж байгаа аж.