УИХ-ын гишүүн Д.Ганбат Банкны тухай хуулиар тав хоногийн завсарлага авлаа. Тэрбээр энэ тухай “Банкны салбар бол эмзэг, ард түмний итгэлцэл дээр тогтдог. Гэтэл энэ салбараар их оролдох боллоо. Сайн, муу аль аль нь байгаа. Саяхан нэг улстөрч нэг банкыг дампууруулж, 40-хөн сая төгрөгөөр торгуулаад үлдсэн. Банкны тухай хуулиар манай намын бүлгийн хурал дээр Монголбанкны ерөнхийлөгч мэдээлэл хийх шаардлагатай. Бид мэдээлэлгүй байна. Хоёрт Эдийн засгийн байнгын хороо санаатай юм уу санамсаргүйгээр юм уу ажлын хэсэгт манай бүлгээс гишүүд оруулаагүй байна. Хоёр бүлэгтэйгээ мэдэж байгаа биз дээ, та нар. Сайтар ярилцаж байж энэ хуулийг батлах шаардлагатай. Цөөхөн хүний эрх ашгийг хангах хууль батлах эрсдэлтэй байна. Иймээс АН-ын бүлэг Банкны тухай хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авч байна” гэлээ. Энэхүү горимын саналыг нь УИХ-ын дарга хүлээж авч ирэх Лхагва гариг хүртэл завсарлага өглөө.
Үүний дараа Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийх байсан боловч Хуульзүйн байнгын хороо хуралдах шаардлагатай болсон тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулж өгнө гэсэн С.Бямбацогт гишүүний горимыг саналыг дэмжлээ.