Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын долоон хүнд холбогдох хэргийг нэгдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялыг 1 жил болгон бууруулсан юм. Тэрбээр 2020 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хоригдсон.
Түүний хоригдсон найман сарыг нэг жилийн хорих ялд тооцох юм бол ирэх тавдугаар сард суллагдана. Гэхдээ түүнээс ч өмнө Н.Номтойбаяр магадланд орж, хорих ялаас өмнө хугацаанаасаа суллагдах бүрэн боломжтой аж.
Учир нь хорих ялаасаа хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хууль зүйн үндэслэл нь “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тал хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлсэн бол хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сард Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн буруутган яллалсан байдаг.
Дээд шүүхээс Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нар нь төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт Н.Номтойбаяр гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэж үзсэн юм.
Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд зорилтот төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзээд Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ял оноосон.
“Ж.ЭРДЭНЭБАТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ УЧРААС СУЛЛАХ ЁСТОЙ”
Улсын дээд шүүх Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг нэгдүгээр сарын 15-нд хэлэлцсэн билээ. Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус, тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Хэргийг прокурор руу буцаалаа гэхэд ихэнх тохиолдолд хэргийн оролцогч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөг аж. Тухайлбал цагдан хорих арга хэмжээг
- Хэргийг шалгах явцад оргон зайлах гэж оролдсон,
- Эсвэл оргон зайлсан, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэлтэй баримт байгаа,
- Өөр таслан сэргийлэх арга хэмжээ буюу тухайлбал, барьцаа авсны дараа мөрдөгч дуудахад очихгүй байх зэргээр хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан тохиолдолд л авдаг байна.
“Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй учраас суллах ёстой. Энгийн логикоор бодоход ч улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг буруу шүүсэн байна гэж үзсэн л юм бол хэргийн оролцогч нарыг суллах нь зөв” гэх байр суурийг илэрхийлэх хуульчид ч байна. Хоёр шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ял оногдуулсан байдаг.