Ховд аймгийн онцгой комиссын хуралдаанаар, коронавирусний халдвартай хоёр иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигч нийт 41 иргэнийг тусгай нислэгээр Улаанбаатар хот руу тээвэрлэх бэлтгэл хангах ажлын баг байгууллаа.
Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрээр, Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажиллагааг өчигдөр зохион байгуулсан. Ингэхдээ, таван автобус бүхий 205 иргэнийг Дарви сумын хяналтын постод түргэн оношлуураар шинжилсэн бөгөөд эгч дүү гурван иргэний хариу эерэг гарсан байна. Улмаар тэдгээр сэжигтэй тохиолдлын сорьцыг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргэж баталгаажуулах PCR шинжилгээ хийхэд хоёр нь эерэг буюу коронавирусний халдвартай гарчээ. Дээрх иргэд нь нэгдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг гарсан аж.
Халдвартай иргэн болон хавьтагч иргэд буюу автобусны жолооч зорчигч нарын 41 хүнийг Дарви суманд тусгаарлаад байна. Тухайн иргэдийг нэгдүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тээврийн хэрэгслээр гаргасан маршрутын дагуу Нисэх онгоцны буудал руу хүргэж Улаанбаатар хот, ХӨСҮТ рүү тусгай нислэгээр журмын дагуу тээвэрлэхээр төлөвлөж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс нэгдүгээр сарын 26-ны 20.00 цагаас 29-ний 00.00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлав. Мөн Улаанбаатар хотоос ирсэн гэрийн ажиглалтад байгаа иргэдийг тасралтгүй хянах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.
Ташрамд дурдахад, Хот хоорондын нийтийн тээврээр зорчсон иргэдээс халдвар илэрсэнтэй холбогдуулан УОК-ын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөн, аймгуудын иргэдээ татан авах ажиллагааг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоогоод байна.