ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ:
-Би Засгийн газрыг төлөөлж ирлээ. Танд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Таныг эрүүл мэндээ бод гэж удирдлагуудаас хэлүүллээ. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр энэ ажлын хэсэг “Рио Тинто”-гийнхонтой хэлэлцээрийн ширээнд суусан. Монголын Засгийн газар анх удаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавилаа.
Тухайлбал, Дубайн гэрээг бүрмөсөн цуцлах, 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилье гэдэг шаардлагуудыг тавьсан байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай видео хурал хийсэн. Хөрөнгө оруулагч талд Монголын Засгийн газраас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид үүнд нэлээд цочирдсон байр суурьтай байгаа.
Тэгэхээр энэ асуудалд бид тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байх, сайжруулах талаар тантай хамтаръя гэдгийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэллүүллээ. Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ томилогдоогүй байгаа учир ирж таны шаардлагыг хүлээн авах нь зохимжгүй. Тантай үзэл бодол, үйл хэрэг нэг байгаа гэдгээ илэрхийлсэн” хэмээлээ.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-“Ард түмний эрх ашгийг хүндэтгэн надтай уулзаж буйд талархлаа. Лондон, Нью-Йорк, Хонконг болон гадаадын олон улсын шүүхэд “Оюутолгой” төслийн гэрээг авлига өгч, авч байгуулсан гэдэг нь нотлогдсон энэ үед олон улсын байгууллагуудад Ерөнхий сайд ард түмний эрх ашгийг төлөөлж, нэхэмжлэл гаргаад энэ гэрээг цуцлах үндэслэл болсон байна. Тэр нэхэмжлэлээ хэзээ гаргах вэ. Тэр хүртэл өлсгөлөнгөө зарлана. Мөн олон улсын шүүх дээр МАН, АН-ын 24 улс төрч оролцсон авлига өгч царцаасан хөрөнгийг буцаан Монголд авч ирэх нэхэмжлэл гаргах уу. Намайг ажлын хэсэгт оруулбал олон улсын шүүхүүд рүү гарах нэхэмжлэл дээр өөрийн хувилбар, томъёоллыг бичих боломжтой. Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэл үүссэн талаарх албан бичгийг надад өгөөрэй” гэв.