Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо. Өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнэ ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн залуу Ерөнхий сайдуудын нэг болж байна.
Өнгөрсөн Баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Намынхаа удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн санал нэгдсэн юм. Үүний дараа МАН-ын Бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулсан.
Засгийн газрын тэргүүний ажлаа хүлээлгэн өгч буй У.Хүрэлсүх түүнийг төрийн байгууллага, Засгийн газар, УИХ-д ажилласан туршлагатай, төрийн ажил, Засгийн газрын бодлогыг цааш залгамжилж авч явж чадах чадварлаг боловсон хүчин гэж тодорхойлжээ.
Ийнхүү Бага хурал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгохыг дэмжснээр уг саналыг УИХ руу оруулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.
Түүний хувьд Бага хурлын үеэр намынхаа нөхөддөө баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулахдаа “Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна” гэжээ. Түүнчлэн өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн асуултад хариулахдаа дөрвөн чиглэлд түлхүү ажиллана гэдгээ мэдэгдсэн. Нэгдүгээрт, цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ, төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх, экспортын гаралтаа нэмэгдүүлэх, онцгой байдлын мененежмэнтээ хэрхэн сайжруулах вэ. Хоёрдугаарт, ямар чиглэлийн бизнесүүдийг илүү дэмжих вэ, аж ахуйн нэгжүүдээ хэрхэн босгож ирэх вэ. Гуравдугаарт, дундаж орлоготой хүмүүсийг дэмжих тогтолцоог нэгтгэх. Дөрөвдүгээрт, сайн засаглал, цахим засаглалтай холбоотой асуудлыг голчилж хөндөн гэв.