Канад улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аян эхэлж, нэн тэргүүнд эрсдэлтэй бүлгийн хүн амыг хамруулж байгаа.
Гэтэл олон саяын хөрөнгөтэй нэг гэр бүлийн хоёр хүн тус улсын баруун хойд хязгаарын алслагдсан Юкон мужид нууцаар очоод тэндхийн уугуул иргэдэд зориулсан вакциныг хийлгэсэн нь илэрчээ.
Тэд бол нэгэн казиногийн гүйцэтгэх захирал Родни Бэйкер, түүний гэргий, жүжигчин Екатерина Бэйкер нар юм байна.
Тэд хувийн нисэх онгоцоор Юконд нууцаар очиж, орон нутгийн дэн буудлын ажилтны дүрээр вакцинжуулалтад хамрагджээ. Юкон нутагт өндөр настай голдуу уугуул иргэд амьдардаг, эмнэлгийн үйлчилгээ хязгаарлагдмал тул оршин суугчид нь вакцинжуулалтад түрүүлж хамрагдахаар болсон юм байна.
Нутгийн захиргаа баян хосыг онцгой байдлын үеийн арга хэмжээний тухай хуулийг зөрчсөн гэж үзээд 2,300 канад доллараар ($1,800) торгохоор болжээ. Гэвч олон саяын хөрөнгөтэй тэдэнд энэ шийтгэл үр дүнгүй тул нэмж шүүхэд дуудсан байна.
Хэрвээ буруутай нь тогтоогдвол ноён, хатагтай Бэйкерүүд зургаан сар хүртэл хугацаагаар шоронд хоригдох ажээ. Тэднийг бас Юконд гаднаас ирээд 14 хоног тусгаарлагдах журмыг зөрчсөн гэж буруутгасан байна.
Чинээлэг хосын хууль бус үйлдэл канадчуудыг бухимдуулж, хэвлэлээр дуулиан дэгдсэний улмаас өнгөрсөн Ням гарагт Родни Бэйкер казиногийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгчээ. Хэргийн мөрөөр Канадын холбооны цагдаагийн газар шалгалт явуулж эхэлсэн байна.
Бэйкерийнхний хэргийг шүүх хурал тавдугаар сарын 4-ний өдөр Юконы төв Уайтхорс хотод болохоор товлогджээ.