Боловсролын яамыг боломжийн хүн толгойлохоор болллоо. Явж явж УИХ дээр боловсролын тогтолцооны гажуудлыг олж хардаг, боловсролын шинэчлэл уламжлалын учрыг тайлж чадахаар хүн Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдлоо. Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайд Л.Энх-Амгаланд хэд хэдэн давуу чанар бий. Нэгд тэрээр 2016 оноос УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилласан. Энэ нь яамныхаа бодлого, үйл ажиллагааг дээрээс нь харж, чиглүүлэх хамгийн гол албан тушаал байсан. Яг тэр үед багш нар цалингаа нэмүүлэхээр жагсаал цуглаан өрнүүлж, УИХ, засгийн газраас уулзах хүн олдохгүй байхад ассан галыг өөр дээрээ авч олон удаагийн хэлэлцээрүүдийг зохион байгуулж зөвшилцөлд хүргэж чадсан хүн гэгддэг. Түүнийг боловрол өндөртэй, хурдтай, ажил хэрэгч цөөн гишүүдийн нэг гэж үнэлдэг. Н.Учрал нарын гишүүн Багшийн хөгжлийн тухай хуулийг санаачлан боловсруулахдаа ажлын хэсгийг нь Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан нь учиртай. Тэр энэ хуулийн ажлын хэсгийг ахалсан хүний хувьд нэг зүйлийг олж харсан. Боловсролын чанарыг ярихын тулд багшийн ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах юм байна гэж. Улсын хэмжээнд анх удаа Хөвсгөл аймгийн бүх сургуулиудад багш хөгжлийн танхим байгуулах хөрөнгө оруулалтыг тусгуулснаас харж болно. Л.Энх-Амгалан гишүүн Англи, Орос хэлтэй, нобелийн шагналтнуудын лекцүүд, дэлхийн томоохон эдийн засагчдын номуудыг эх хэл дээрээ орчуулчихсан, багш нарын тулгамдсан асуудлыг арван хуруу шигээ мэддэг, боловсролын тогтолцооны алдаа оноог ялгаж салгаад харчих хэмжээний боловсролтой. Оюунлаг хүмүүсийн нэг гэж нийгэмд хүлээн зөвшөөрдөг Л.Энх-Амгалан гишүүн боловсролын салбар цахимд 100 хувь шилжсэн онцлогтой үед энэ яамыг удирдахаар боллоо.
Сүүлийн хэдэн жил манай боловсролын систем яг хаашаа яваад байгааг ойлгох хүн тун ховор болоод байгаа юм. Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа гэж халаглах нь бий. Эцэг, эхчүүдийн ойлголтоор сургууль бол хүүхдийг бүрэн төлөвшүүлэх үүрэгтэй газар байх учиртай. Боловсролын салбарын бодлого ийм маягаар явбал алс хэтдээ хүмүүжлийн доголдолтой нөхдүүдээр энэ улс дүүрч мэдэх нөхцөл байдал үүссэн нь үнэн. Тиймээс энэ бүхэнд шинээр томилогдсон сайд соргог хандах болов уу гэх хүлээлт нийгэмд байна.