УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэл дууслаа. Ийнхүү чуулганы хуралдаан түр завсарлаад 21:00 цагаас үргэлжлэх бөгөөд сайд нарыг тангараг өргүүлснээр энэ удаагийн Намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Нийгмийн хөгжил хүнийхээ хөгжлөөр тодорхойлогддог. Хүний хөгжлийг тодорхойлох гол салбар эрүүл мэнд, боловсрол хоёр. Эрүүл мэндийн салбарт залуу сайд орж ирж байна. Энэ салбар талцалтай байгаа. Салбараа эмнэлгийн даргын үүднээс битгий хараарай. Бүтнээр нь, томоор нь хараасай гэж хүсэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар дөрвөн зорилтыг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд цар тахлыг даван туулахын төлөө хичээж ажиллана. Хамгийн түрүүнд вакцин оруулж ирэх тал дээр анхаарна. Засгийн газрын эхний 100 хоног дотор вакцин оруулж ирэх зорилт тавьсан. Вакцин ороод ирвэл амьдралын хэмнэлд өөрчлөлт орж, ААН-үүдийн зогсонги байдал өөрчлөгдөнө.
Цар тахлыг амжилттай даван туулах цогц хөтөлбөр гаргана. Энэ хөтөлбөрийгн хүрээнд гаднын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж, эрүүл мэндийн салбараа онцгой анхаарна. Гадаадад байгаа иргэдээ үе шаттай авчирна. Ийм агуулгын хүрээнд энэ хөтөлбөр гарна.